Өнгөрсөн 14-ний өдөр ТЗДС дээр “Төмөр замын удирдахуйн ухаан” нэртэй номын нээлт болжээ. Энэхүү номыг УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны ахлах, Монгол Улсын зөвлөх инженер,Техникийн ухааны доктор О.Дэмбэрэлсүрэн бичиж, редактороор Японы Зүүн төмөр замын менежментийн багш Такеши Минамото ажиллажээ. Номын нээлтэд ТЗДС, Политехник коллежийн захирал, багш, оюутнууд, албаны хүмүүс оролцлоо. Номын зохиогч О.Дэмбэрэлсүрэн сүүлийн таван жилд хийсэн судалгаан дээрээ тулгуурлан удирдлагын дээд түвшинд ажиллахад ямар арга барилаар хэрхэн ажиллах ёстойг, өдөр тутмын жижиг асуудлаас илүү томоор нь манлайллыг хэрэгжүүлэх, хүмүүсийг удирдахад орчин үеийн хандлагыг нэвтрүүлэх нь чухлыг судалгааны үндсэн дээр бичсэн байна. Орчин үеийн уншигчдад зориулан уншихад хялбар, бичвэр багатай, агуулга, мэдээллийн хувьд өгөөжтэй байхыг чухалчлан номын макет, дизайнаа хийсэн байна. Хэвлэлийн 75 хуудас бүхий нэгэн шинэ ном ийнхүү уншигчдын хүртээл боллоо. Доктор О.Дэмбэрэлсүрэнг ТЗДС 70 жилийн ойн хүрээндээ шилдэг 70 төгсөгчийн нэгээр өргөмжилсөн байна.