Нүүр Сурвалжилга Төмөр замын удам залгасан залуу
Сурвалжилга

Төмөр замын удам залгасан залуу

G.Press 2 сарын өмнө 146 үзэлт 0 сэтгэгдэл

Замын-Үүд Техник үйлчилгээний газрын вагон үзэгч Э.Есүхэйн амьдрал төмөр замтай салшгүй холбоотой. Түүний элэнц өвөг Д.Батчулуун 1919 оны хүн аж. Төмөр замын автобаазад жолоочоор ажиллан, Сайншандын эмнэлгийн түргэний тэрэг барьж явсан түүхтэй. Өвөөгийнх нь хөдөлмөрч зан, хариуцлагатай сэтгэл нь үе дамжин өвлөгджээ. Эмээ Б.Энхтүвшин нь  Барилга ашиглалт үйлчилгээний III ангид 34 жил үр бүтээлтэй ажиллан мастер, инженерийн зэрэгт хүрчээ. Аав Энхбат нь Дохиолол холбооны III ангид монтёроор ажилладаг. Э.Есүхэй төмөр замд ажиллах шийдвэрээ ч өөрөө гаргажээ. Анх Айраг өртөөнд вагон үзэгчийн дулаацах байрны суурийг цутгаж байхдаа энэ салбарт дурлажээ. Вагоны доогуур тонгойж, шогшин явах үзэгчийн ажил шавилхан залуугийн сонирхолыг татаж эхэлжээ. Ингээд удалгүй залуу хүү Дорноговь аймгийнхаа Политехникийн коллежийг ч төгсөж, Замын-Үүд Техник үйлчилгээний газарт ирж ажиллах урилгыг гардан авч мөрөөдөлдөө хүрэх алхмаа нэг шатаар урагшлуулжээ.

Тэр үеэс л мэдлэг боловсролын үнэ цэнийг ойлгон, ТЗДС-ийн эчнээ ангид элсэн суралцаж, мэргэжлийн дипломтой боллоо. Сар гаруй дагалдангаар ажиллан IV зэргээ авч, жилийн дараа V зэрэгтэй болов. Туршлагажсан нэгэн нь шинэ ажилтнаа дагуулж сургадаг уламжлалыг үргэлжлүүлж, мэргэжлээрээ гурван жил ажиллаж байгаа ч тэрээр итгэл даах чадвараараа хамт олныхоо хүндлэлийг хүлээжээ.

Э.Есүхэй олон талын авьяастай аж. Чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэж, Замын-Үүдийн чөлөөт уран бүтээлчдийн нэгдлийн залуу уран бүтээлчийн хувьд өөрийн өнгө төрхийг илэрхийлж авьяасаа сорьдог. Сагсан бөмбөг тоглохын зэрэгцээ оюун ухаанаа уралдуулах мэтгэлцээний урлагаар багаасаа хичээллэн улсдаа шилдэг 15 илтгэгчийн нэгээр шалгарсан сэргэлэн залуу. Аймаг, сумандаа удаа дараа тэргүүн байр эзэлсэн түүний үг яриа ухаалаг, үзэл бодол нь ч тодорхой. Тиймдээ ч нээлттэй, нийгмийн идэвхтэй оролцогчийн хувьд УБТЗ-ын Залуучуудын Төв байгууллагын сургагч багшаар ажиллаж, шинэ үеийн залууст мэдлэг, урам зоригийг түгээсээр явна.

Тэрбээр, “Анх харахад вагоны эд ангиуд зүгээр цохилоод л өнгөрч яваа мэт. Харин сайтар анзаарах вагон үзэгчийн сонорт энэ чимээ, энэ үйлдэл өөр утгатай. Чагнахад өөр өөрөөр сонсогдох тэр авиа бол вагоны “хэл” гэлтэй. Хэвийн үедээ намуухан, жигд дуулдах бол гэмтэл гарсан үед хөндий, тасархай, эсвэл тачигнасан өнгөөр сонсогддог юм. Тэр ялгааг л таних нь вагон үзэгчийн ур чадвар, туршлага, зөн совингийн илэрхийлэл гэж боддог. Гэмтлийг илрүүлэхийн тулд вагоныг тойрон алхаж, тонгойж, шурган орж, бүхнийг маш анхааралтай ажиглана. Зөвхөн эвдрэл л хайх бус, харин хэвийн байдлыг баталгаажуулах нь чухал шүү дээ. Хэвийн бус байдлыг гаднах өчүүхэн шинж тэмдгээр олж илрүүлэх арга барилыг ч бид эзэмшдэг. Өдөр бүр судалж, мэдлэгээ бататган, мэргэжлээ улам гүнзгийрүүлж сурсаар л байна. Сар бүрийн шалгалт, мэргэжлийн аян бидэнд илүү хариуцлагатай дадлыг суулгасаар байдаг. Тиймдээ ч би ажилдаа шунан дурладаг болов уу. Ажлын хувцсаа өмсөх мөчөөс эхлээд л өөрийгөө мэргэжлийн бахархлаар дүүргээд л ажилдаа ордог доо. Би дөрөв дэх үеийн төмөр замчин гэдгээрээ омогшдог шүү. Бидний ажил бусад ажилтай харьцуулахад асар их анхаарал шаардсан, өндөр хариуцлагатай, нэр төртэй хянуур ажил гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг” хэмээн бахархан өгүүлж байлаа.

Э.Есүхэй ирэх есдүгээр сард инженерийн эчнээ ангид элсэн суралцаж, цаашлаад магистрын зэрэг хамгаалахаар зорьж буй ажээ. “Асдаг юм бол дүрэлзэж байгаад унтар” хэмээх үг түүний уриа. Өөртөө байгаа бүхий л хүч чадлаа ажилдаа зориулан, гэрэл мэт дүрэлзэн амьдрахыг хүсдэг аж. 

Удирдах албан тушаалд олон жил ажилласан түүний эмээ нь түүнд ХАБЭА-н зөвлөгөө өгч, зам мөрийг нь чиглүүлдэг гэнэ. Үе үе эмээ дээрээ “сургалтад суучихна аа” хэмээн тэр инээмсэглэн өгүүллээ. Мэдээж түүний амжилтын ард гэр бүлийн дэмжлэг бий. Элэнц өвөө, эмээ, аав нь төмөр замын салбарт хөдөлмөр зүтгэлээ хоёргүй сэтгэлээр зориулсан хүмүүс учир хүүгээ байнга дэмжих нь тодорхой. Түүний ээж Ч.Батцолмон ч энэ салбарт ажиллаж байсан нь түүнийг улам зоригжуулдаг. Есүхэйн найз бүсгүй Г.Энхсувд бас Замын-Үүд өртөөнд вагон бичигчээр ажиллаж, тэд хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмүүлж яваа.

Түүний багш, ахлах үзэгч С.Мөнхсаруул залуу шавьдаа мэдлэгийг хүчээр цээжлүүлэх бус, учир шалтгааныг нь ойлгож сурахыг захидаг байжээ. “Албан хүчээр цээжлэх биш, яагаад гэдгийг углуургаар нь ойлго. Үргэлж л  оролдлоготой бай” хэмээн захидаг байсан нь Есүхэйн ажлын чиглүүлэгч нь болжээ. Бороо орох үед чимээ бүдгэрч, салхи шуурах үеэр сонсогдохгүй ч вагон үзэгчийн үүрэг хэзээ ч зогсохгүй. Тэд вагоны сийгэлтийг арилгаж, аюулгүй байдлыг чанд сахина. Бороо шороотойд ч ажлаа зогсоох эрх байхгүй учраас хариуцлагаа ухамсарлан ажлаа гүйцэтгэнэ. Өвлийн цасан шуурга хүнд ч бороо түүнд илүү ойр санагддаг гэсэн шүү.

Есүхэй Улаан-Уулын зөрлөгт долоон сар бие даан ажиллаж, мэргэжлийн ур чадвараа ахиулжээ. Өнөөдөр Э.Есүхэй парк дээр группийн ахлагчаар ажиллаж, туршлагаа бусдад түгээн, хамт олныхоо итгэлийг хүлээж яваа залуу. Түүний хувьд төмөр замын ажлаасаа гарна гэсэн бодол хэзээ ч толгойд нь орж байсангүй.  Харин ч хамт олонтойгоо эв найртай ажиллахад тэр ажлын өдөр амралт шиг санагддаг хэмээн өгүүлж байлаа. Үнэхээр ч ажилдаа дурласан, хийж буйдаа эзэн болж яваа хүдэр эрсийн нөхөрлөл бат бөх хийгээд бие биедээ түшиг болдог нь гарцаагүй.

УБТЗ-ын Залуучуудын Төв байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог Есүхэй маань “Хүн хөгжиж байж улс хөгжинө” гэсэн итгэл үнэмшлийг эрхэмлэж явна. Тиймдээ ч энэхүү идэвх зүтгэлийг нь үнэлэн, Замын-Үүд Техник үйлчилгээний газрын 70 жилийн ойн баяраар түүнийг “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж урамшуулсан байна.  Залуус хөгжихийн хэрээр УБТЗ-ын ирээдүй улам батжин бэхжихийг тэрээр өдгөө ойлгожээ. Ирээдүйд сургалтын эсвэл ХАБЭА-н инженер болох мөрөөдөл түүний зүрхэнд гэрэлтэн асаж байна. Төмөр замын ган зам алсад үргэлжилдэг шиг Есүхэйн мөрөөдөл ч хязгааргүй. Түүний алхах зам өмнө нь зурайж, зорих ирээдүй нь гэрэлтэж байна.

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.