Нүүр Ахмад үе Төмөр замын техникумын төгсөгчдийн 50 жилийн ойн дурсамж
Ахмад үе

Төмөр замын техникумын төгсөгчдийн 50 жилийн ойн дурсамж

G.Press 11 сарын өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

1971 онд УБТЗ-ын техникумд газар газраас ирсэн, биесээ танихгүй алдрай бяцхан охид, хөвгүүд төмөр замын ашиглалтын ангид элсэн орж, тохой нийлүүлэн сууж, анд найзууд болон нөхөрлөж байсан сан. Намрын ургац хураалт, зуны ажилд хамт бужигнаж явсан хүүхэд насаа өдгөө дурсан санахад сайхан байна. Биднийг хамгийн анх Чимэд-Очир багш маань төмөр замын ашиглалтын ангид бүртгэн авч, УБТЗ хэмээх том айлын босгоор гараас минь хөтлөн оруулсан ачтан билээ.

Төмөр замын техникумыг дугаар №01 дипломтой мөн Москвагийн Төмөр замын дээд сургуулийг улаан дипломтой төгссөн н.Цанжин багш, Украины Киев хотын Төмөр замын дээд сургуулийг төгссөн н.Цэлээжав багш болон тухайн үеийн өндөр мэдлэг боловсролтой олон багш нараар удирдуулан бид нар дөрвөн жил суралцаад 1975 онд "Төмөр замын ашиглалтын техникч" мэргэжлээр хорин долуулаа төгссөн билээ. Ингээд л бид өртөө, зөрлөгүүдэд томилолт өвөртлөн очиж, ажлын арвин туршлагатай хамт олны дунд орж, ажлын анхны гараагаа эхэлсэн билээ. Мэдлэг, туршлагаар арвин ахмад үеийнхэн минь биднийг тосон авч, хат суусан төмөр замчин болгох хичээн зүтгэж байсныг эргэн дурсахад сайхан байна.

Хүний амьдралын жаргал зовлон, баяр цэнгэл бүхэнд цаг ямагт хамт байсан оюутан насны анд найз нараас маань өдгөө 13 нь тэнгэрийн оронд заларч, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай.

Манай УБТЗ-ын техникумийн Ашиглалтын Д-IV ангийг төгсөгчдөөс эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төр, засгийн өндөр шагнал хүртсэн  алдар гавьяатууд олон. Салбарынхаа шагналуудаар мялаалгасан одон тэмдэгт эрхэмүүд олноор төрөн гарсан нь манай ангийнхны ажил хөдөлмөрт чин сэтгэлээсээ хандаж, нэр төртэй амьдарсныг илтгэх нэгэн үнэлэмж юм.

Бидний гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, нэгэн насны амьдралын минь мэдлэг, мэргэжлийг эзэмшүүлж өгсөн хүндэт багш н.Эрдэнэ-очир, н.Цанжин, н.Цэлээжав болон бусад багш нартаа насан туршдаа талархан дурсан санаж, хүндэтгэн хайрлаж явдагаа дахин илэрхийлье.

Бид анги, хамт олноороо сургуулиасаа зохион байгуулдаг урлаг спортын тэмцээнд байнга амжилттай оролцож байсан сайхан дурсамж сэтгэлд тодхон байна.

Манай ангийнхнаас УБТЗ-д албаны орлогч дарга, захиран хуваарилах хэлтсийн дарга, ачаа тээврийн хэлтсийн инженер, санхүүгийн байцаагч, санхүүгийн аудитор, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч, өртөөний дарга, өртөөний жижүүр, олон улсын билетийн кассын эрхлэгч, кассир, товарын конторын эрхлэгч зэрэг зургаан албаны 14 төрлийн ажлыг идэр залуу наснаасаа эхлэн нэр төртэй гүйцэтгэжээ. Бид өндөр сахилга бат, уйгагүй хөдөлмөр зүтгэлээр төмөр замдаа зүтгэсээр өдгөө гавьяаны амралтандаа гараад байна. 

Монгол орныхоо зүг зүгээс нэгдэн нийлж нэгэн зорилгын төлөө тохой нийлүүлэн суралцсан бид хэдий сургуулиа төгсөж, ажлын гараагаа эхэлсэн ч тэмдэглэлт баяр, төгсөлтийн тэгш ойгоороо учран золгож, цагаан сараар амар мэндээ мэдэж, андын холбоогоо таслалгүй  50 жилийг ардаа үджээ. Хагас зууныг бид хамтдаа туулж, ажиллаж хөдөлмөрлөн, андлан нөхөрлөж, сайхан амьдарч, бие биедээ түшиг болсон ангийн найзууд минь энэ сайхан өдөр 50 жилийн дурсамж уулзалтаа тэмдэглэхээр хуран цугларч байна.

Та бүхэндээ ойн баярын мэнд хүргэхийн ялдамд насан туршдаа хамт байж, жаргал зовлонгоо хуваалцан явдагт баярлалаа. Та нар минь биесээ орхилгүй урт насалж, удаан жаргаж, энх явж мөнх жаргахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Ган зам зурайж, галт тэрэг жирийсээр байг.

        

Л.Цэдэнсодном 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.