Өнөөдөр төмөр замын салбарт цэгцлэх асуудал олон байна. Түүний нэг гол тулгуур нь эрх зүйн шинэчлэл юм. Манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт өнөөдрийн байдлаар 2,964.9 км болж өргөжөөд байна. Өнгөрөгч онд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам баригдсан. Энэ хэрээр төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өсөж байгаа юм.
Урьд нь төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч ганцхан байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэхүү хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоохоос гадна тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангана гэж үзэж байна. Мөн суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэж, төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч тал онцолжээ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хуулийн хийдэл, зөрчил давхардал арилж, зохицуулалтгүй байгаа зарим харилцаа тодорхой болох зүйл заалт ч уг хуульд тусгагджээ. Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин илүү сайжирч, олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт техник технологи эзэмших, инновац нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ хэмээн онцолжээ.