Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч ажлын хэсгээс дахин санал хураалгахаар бэлтгэсэн хууль зүйн техникийн шинжтэй зарчмын зөрүүтэй гурван саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн гэв.

 

Ж.Бат-Эрдэнэ гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй 3 саналаар тус бүрд нь санал хураан шийдвэрлээд, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 10 дугаар зүйлд төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар тусгасан боловч тус зохицуулалттай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлээгүй орхигдуулжээ. Иймд Эдийн засгийн байнгын хороо “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан санаачлан боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүн Ц.Цэрэнпунцаг  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүний 61.9 хувь нь дэмжсэн тул Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах юм.