“Төмөр замын тээврийн аюулгүй байдалд хүний хүчин зүйлсийн нөлөөг регрессийн загвараар үнэлэх нь” илтгэл шалгарлаа
Түрүүчийн долоо хоногт “Монгол инженер 2026” нэртэй Эрдэм шинжилгээний бага хурал УБТЗ-ын Төмөр замын их сургууль дээр боллоо. Уг арга хэмжээнд ШУТИС, ХААИС, ТЗИС зэрэг таван их, дээд сургуулийн ректорууд, эрдэмтэн мэргэд, гориллогч нар оролцсон бөгөөд хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийн талаар онц сонирхолтой илтгэлүүд тавьж, ном хаялцсан бүтээлч, оюунлаг ажил боллоо. Манай сургууль болон улмаар төмөр замын нэр хүндэд ч эерэгээр нөлөөлөхөөр аятайхан сонсогдож байлаа.
Тус бага хуралд УБТЗ-ын орлогч дарга Ш.Нямсүрэн “Төмөр замын тээврийн аюулгүй байдал” сэдвээр зочин илтгэл, УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны ахлах инженер, судлаач О.Дэмбэрэлсүрэн “Төмөр замын тээврийн аюулгүй байдалд хүний хүчин зүйлсийн нөлөөг регрессийн загвараар үнэлэх нь” нэртэй онц сонирхол татсан илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн УБТЗ-ын Хэмжил зүйн төв, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн судлаач Ц.Золбаатар, Л.Тэлмэнбаяр нарын “Ачааны вагоны метал хийцийн хүчдэл төвлөрлийн бүсийн судалгаа”, УБТЗ-ын Зүтгүүрийн албаны сургалт технологийн инженер, судлаач Г.Бүрэн-Итгэлийн “Төмөр замын салбарт хувь хүнээс шалтгаалсан алдааг бууруулах нь” зэрэг орчин цагт анхаарал татсан илтгэлүүд тавигдаж, шүүгч нарын зүгээс өндөр үнэлгээ авцгаалаа.
Төмөр замын их сургуулийн судлаач Л.Энхтуяа, Г.Мөнхбаяр нарын “Төмөр замын далангийн дотоод гэмтлийг тодорхойлсноор найдварт ажиллагааг дээшлүүлэх нь”, УБТЗ-ын инженер, судлаач С.Солонготуяагийн “Төмөр замын аюулгүй ажиллагааны үндэс” гэсэн онол практикийн өндөр ач холбогдол бүхий сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Тус хуралд оролцож илтгэгч нарын тавьсан илтгэлүүдэд шүүмж, үнэлгээ дүгнэлт өгч байсан ХААИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Х.Ганбат, Ж.Азжаргал, ТЗИС-ийн Ю.Сарантуяа нарын зэрэг эрдэмтэн докторууд “Монгол инженер” бага хурлыг төмөр замын байгууллага өөр дээрээ авч зохион байгуулсныг шинжлэх ухааны хөгжилд оруулж буй том хувь нэмэр гэж үзэж, өндөр үнэлж байлаа.
Цаашид судлаач О.Дэмбэрэлсүрэнгийн шинжлэх ухааны илтгэл, Ш.Нямсүрэнгийн зочин илтгэлүүдийн хоорондын логик уялдаа холбоог тод гаргаж өгөх нь ихэд чухал мэт санагдаж байлаа. Ингэж чадваас тухайн илтгэлүүдийн практик ач холбогдол улам илүү товойн харагдаж, зангигдах болно. Ер нь дээхэн үед диалектик материализмын шинжлэх ухааны сонгодгууд “Юу хийх нь гол биш, яаж хийх нь чухал” гэж үздэг байжээ.
Тухайн эрдэм шинжилгээний хуралд вагоны инженер, судлаач А.Пүрэвбаатар, УБТЗ-ын Политехникийн коллежийн захирал, доктор С.Галбадрах нарын илтгэлүүд орж яригдсан бол эрдэм шинжилгээний энэхүү хурал улам илүү ач холбогдолтой болох мэт бодогдож байв. А.Пүрэвбаатар нь сүүлийн үед хос дугуйн холхивчийн гэмтлийн магадлалыг шинжлэх ухаанчаар томьёолохыг хичээн ажиллаж байгаа билээ.
Эрдэм шинжилгээний хурлыг “Ган зам” паласт багтахгүй болох байх гэж бодож байсан. Гэвч ТЗИС-ийн цөөвтөр оюутныг суулгасан харагдаж байна билээ. Манайхан чинь өөр төрлийн хурал цуглааныг бол цахилгаан гаргаад бүрэн хамруулдаг шүү дээ. Гадны хүмүүсийн нүдээр индэр дээрээс харахад жаахан тиймхэн ажиглагдсан байж болох юм. Төмөр зам чинь улсын хэмжээнд техник технологийн хамгийн нарийн, хамгийн өндөр газар шүү дээ. Миний бие тэр жил ХААИС дээр эрдэмтэн-философич Ц.Балхаажав дарга агсантай хамт оюутнуудад лекц уншсан юм. Тэгэхэд багш, оюутнуудын оролцоо зааланд багтахгүй байсан санагдаж байна.
Цаашид бид төмөр замын салбарт эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, инновацыг нэвтрүүлэх ажилд анхаарлаа улам илүү төвлөрүүлж ажиллах шаардлагатай байна. Хамгийн гол нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд манай залуучууд их хичээл зүтгэл гаргаж оролцох болсон нь туйлын сайшаалтай хэрэг.
Энэ нь бидний ажлын энэ жилийн “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” гэсэн уриа болон замын удирдах газраас явуулж байгаа хэмнэлтийн бодлоготой ч яв цав нийцнэ гэж үзэж байна.
Жич: О.Дэмбэрэлсүрэнгийн “Төмөр замын тээврийн аюулгүй байдалд хүний хүчин зүйлсийн нөлөөг регрессийн загвараар үнэлэх нь” илтгэл тэргүүн байрт шалгарсанд баяр хүргэе.
2026.04.29
МУ-ЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН, ТЭЭВРИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Р.РАШ
