- Маргааш “Төмөр зам ба залуучууд-II” сэдэвт чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

   - Олон улсын төмөр замчин залуучуудын “Төмөр зам ба залуучууд- II” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ жил Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жил, Монголын залуучуудын өдөр наймдугаар сарын 25-ны, Монгол Улсад УБТЗ-ын Залуучуудын байгууллага   байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. Замын даргын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/434 тоот тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөн дэд ажлын хэсгийн 10 хүнтэй баг гарч, энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулганд ЗТХЯ, "УБТЗ", “Монголын төмөр зам”  ТӨҮГ, “Таван толгой төмөр зам”, ГТХЗНТ, МТЛ гэсэн салбарын төмөр замчин залуучуудын төлөөлөгчдөөс гадна ОХУ, БНХАУ, Белорусь, Якут зэрэг 15 орны төмөр замчин залуучуудын төлөөлөл оролцоно. Чуулганд оролцох 102 зочид, төлөөлөгчдийн  47 хувь нь эмэгтэй, 52,9 хувь нь эрэгтэй. "УБТЗ"-аас оролцох зочдын 35 хувь нь шугам замын төмөр замчин залуучууд.

    - УБТЗ-ын Залуучуудын зөвлөл 2014 онд Олон улсын уг чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулсан шүү дээ?

-Тийм ээ, хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Олон улсын арга хэмжээ зохион байгуулах протоколын сургалтад хамрагдаж, илүү өндөр түвшинд зохион байгуулахыг манай баг хамт олон хичээн ажиллаж байна. Энэ ажил маань цааш цаашдаа улам сайжирч, бүр олон залуучуудыг хамарсан олон улсын том чуулган болно гэдэгт бид итгэлтэй байна.

-Таван жилийн өмнөх үйл явдлыг эргэн харвал тухайн чуулганы үр дүн нь чухам яаж гарав?

     -Тухайн үед залуучууд сэдэв сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулснаас хэд хэдэн шийдвэр гарсан юм. Тодруулбал, бид дэлхийн төмөр замчин залуучуудын дунд сэтгэлгээ хөгжлийн хувьд хаана явж байна гэдгээ харж, монгол инженерүүд ур чадварын хувьд дутахааргүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн хувь хүний хөгжлийн сургалтыг нэн тэргүүний асуудал болгон дэвшүүлж, Залуучуудын төв байгууллагынхаа дэргэд Хувь хүний хөгжлийн академийг нээсэн. Уг академид 100 залууг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхэлсэн юм. Одоогоор 30 орчим сургагч багштай болж, 2500 орчим хүнд лекц сургалт зохион байгуулаад байна. Түүнчлэн, Улаанбаатар төв буудлын арын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээг бэлгэдсэн хөшөөг Замын захиргаа, төмөр замчдын хандив тусламжаар босгосон. Эдгээр ажлуудыг хийсэн нь уг чуулганы үр дүн гэж харж байна.

-Энэ удаагийн чуулганаас хүлээж буй гол үр дүн нь юу вэ?

    -Монгол Улсад төмөр замын салбар хурдацтай хөгжиж байна. Салбарын хэмжээнд төмөр замчин залуус мэдлэг туршлага, санал санаачилгаа хуваалцаж, харилцан солилцож, нөхөрлөх замаар цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чуулганаас гарах үр дүн болно.

   -Танай зөвлөлийн хувьд өнгөрсөн хугацаанд гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр ахиц дэвшилтэй ажиллалаа гэж харж байна?

    -Тиймээ, 2023 онд бид Замын захиргаанд хэд хэдэн төсөл бичиж танилцуулсны нэг нь энэ чуулган юм. Шинэ санаа, шилдэг шийдэл эрэлхийлэх, нээж гаргах зорилгоор уралдаан зарлаж, дүгнээд байна. Уралдаанд 50 гаруй материал ирснээс, шалгарсан есөн шилдэг залуу маань ОХУ-ын Дорнод Сибирийн  төмөр замд тухайн мэргэжлээрээ туршлага судлахаар боллоо. Бид өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гэхээсээ илүүтэйгээр залуусдаа хөгжин дээшлэх боломжийг нээх гарц боломжийг олгохыг чухалчилж байгаа. Цаашлаад, эдгээр залуучуудаар дамжуулж, байгууллагын ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж харж байна. Бидний энэхүү ажлыг дэмжсэн Замын захиргаа, Техникийн бодлого, стандартчиллын алба, Гадаад харилцааны алба, гардан гүйцэтгэж байгаа Залуучуудын зөвлөлийн дэд тэргүүн, Замын VI ангийн ерөнхий инженер А.Туулсайхан болон түүний баг хамт олонд залуучуудынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

-Олон улсын төмөр замчин залуустай нэгэн дээвэр доор чуулж, харилцаа холбоогоо илүү нягтруулснаар мэргэжил нэгт залуустаа ямар боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг өмнөө тавьж байна вэ?

-Олон улсын төмөр замчин залуучууд салбарын хэмжээнд нэгдэж, санал солилцон туршлага хуваалцаж байна. Үүнээс бид хамтын ажиллагаа илүү өргөжнө, харилцаа уялдаа холбоо илүү сайжирна гэж харж байгаа.

-Энэ удаагийн чуулганы гол онцлог нь юу байх вэ?

-Салбарын хэмжээнд төмөр замчин залуучууд нэгдэж байна.Төмөр замчин залуус төмөр замын хөгжилд бүтээн байгуулалт хийж. тодорхой үр дүнд хүрсэн. Цаашлаад, хөгжлийн дараагийн шатанд мэдлэг, туршлага хуваалцах нь онцлогтой гэж харж байна.

-Мэдээж, гадаадын орны төмөр замчин залуус хэрхэн хамтарч ажиллаж, хөгжлийн салбарын хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлдгийг та бүхэн судалсан байх. УБТЗ-ын залуусын тэднээс ялгарах давуу болон сул тал нь чухам юу байна  гэж хардаг вэ?

-Бусад улс орны хувьд бодлого, хууль нь тодорхой, төмөр замын салбарын залгамж халааг маш сайн бэлтгэж байна. Монгол Улсад  Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого,  хууль саяхан батлагдсан. Үүнийг дагаад олон хууль тогтоомж, дүрэм журам шинэчлэгдэх байх. "УБТЗ"-ын хувьд Залуу ажилтны хөгжлийг дэмжих талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулан, Замын даргаар батлуулаад хамтран ажиллаж байна. Энэ бол маш том боломж юм. Уг ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Бид байгуулллагын үнэт зүйл болох залуучууд, ажилтнуудаа хөгжүүлснээр байгууллагын бүтээмж өснө гэдэгт итгэлтэй байдаг.

-Өнөөгийн төмөр замчин залуусын хүсэл зорилгыг дэмжихэд, хамтран ажиллахад төр засаг болон удирдах түвшний үүрэг, оролцоо хэр хэмжээнд байна гэж та хэлэх вэ?

-Залуучуудад өөрийгөө хөгжүүлэх боломж маш их байна. Зам тээврийн салбараас төмөр замчин залуучуудад зориулсан тэтгэлэгтэй сургалтын олон хөтөлбөрийг үе шаттай зарлаж байна. "УБТЗ"-ын хувьд бодлогын баримт бичиг батлагдан гарснаар удирдах шатны болон залуучуудын үүрэг, оролцоо илүү нэмэгдэж, цаашдаа ч илүү тодорхой үр дүнд хүрэх байх гэж бодож байгаа.

-Төмөр замын салбарыг зөвхөн "УБТЗ-ынхан төлөөлж ирсэн бол одоо шинэ төмөр замууд бий боллоо. Тэдгээр салбарын мэргэжил нэгт залуустайгаа танай зөвлөл хэрхэн хамтарч ажиллах зорилт тавьж байна вэ. Тухайлбал, энэ удаагийн чуулгад бусад төмөр замынхан оролцох уу?

-Бид Зам, тээврийн салбарын төмөр замчин залуучуудтай хамтарч ажиллах, туршлага суралцахыг хичээдэг. Тэдний ихэнх нь "УБТЗ"-ын шилдэг инженер техникийн ажилтнууд. Монгол Улсад төмөр замын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрлээ. Энэ удаагийн чуулганд "УБТЗ"-ын залуучуудаас гадна ЗТХЯ, МТЗ, ТТЗ, ГТХЗТ, МТЛ зэрэг байгууллагаас төлөөлөл орж байна.

-"УБТЗ"-ын Залуучуудын төв байгууллага мэргэшсэн боловсон хүчний хувьд хэр бэхжив?

    -Өнгөрсөн хугацаанд бид 5000 гаран залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулсан энэ хэрээрээ Залуучуудын төв байгууллагын үйл ажиллагаа цар хүрээ нэмэгдлээ. Залуучууд хөгжлийн академи дээрээ 100 залуучуудыг хувь хүний хөгжлийн чиглэлээр үе шаттайгаар бэлтгэж одоогоор 30 сургагч багш бэлтгэсэн. Залуучуудын төв байгууллагын төв зөвлөлийн залуучууд, ажлын албаны залуучууд, салбар зөвлөлүүдэд цаг заваа гарган ажиллаж байгаа залуучууд гээд бүгд хувь хүний хөгжил, ёс суртахуун, ахмадаа хүндлэх тэднээс суралцах нийгмийн чанартай олон ажлыг зохион байгуулсан.  .

-Залуус өөрөө өөрсдийнхөө төлөө сэтгэж, зүтгэж сурснаараа төмөр замын салбарын их ачааллын дундуур сонгуульт ажилдаа зарцуулах цаг гаргаж сурахаас эхлээд хувь хүн өөрөө хөгжих боломж нь ч бас өргөн байх шиг санагддаг?

    -Тийм шүү, энэ их ажлын хажуугаар амжуулж хичээж л явна. Бид энэ дэлхийд ганц л амьдарна, бид хамтран ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж хайрлаж байх хэрэгтэй. Хүн бүрийн амьдралын цаг мөч маш үнэтэй, Тиймээс энэ цаг зав боломжоо Залуучуудын төв байгууллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, удирдлага баг хамт олон эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ жил Монгол Улсад УБТЗ-ын залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.

-УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын урт болон богино хугацааны хөгжлийн зорилт, алсын харааг товч тодорхойлбол ...?

    -Залуу  ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, богино хугацаанд мэргэшсэн чадварлаг, бүтээлч,санаачлагатай ажилтнуудыг бий болгон, төлөвшүүлнэ. Тухайлбал:

-Залуу ажилтнуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх

- Мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дэмжин хөгжүүлэх

- Бүтээлч санаачилгыг дэмжин хөгжүүлэх

- Соёл урлаг, спортын амжилтыг дэмжих

- Нийгэм, олон нийтийн идэвхтнүүдийг дэмжих, хөгжүүлэх

- Залуучуудын байгууллага, сонирхлын клуб нэгдлийг дэмжих

- Залуу ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг

бидний өмнө бий.

 

Б.Дэлгэрхишиг