Төмөр замын дээд сургуульд зайн болон танхимаар хослон суралцаж төгссөн шинэ инженерүүдэд диплом гардуулах ёслол өнгөрсөн сарын 31-ний өдөр Ган зам паласт боллоо.
Ёслолд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга, Төмөр замын дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга М.Цогт, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд, Замын ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан, Төмөр замын дээд сургуулийн захирал С.Галбадрах нар оролцож, шинэхэн төгсөгч нарт хандан үг хэлж, баяр хүргэлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарыг эдийн засгийн тэргүүлэх зэргийн салбар хэмээн тодорхойлж, та бидний эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажлын үнэ цэнийг өндрөөр үнэлж байгаа энэ үед ТЗДС-ийн 71 дэх удаагийн төгсөлт болж байна. Төгсөгч та бүхний өмнө эрдэмтэн багш нарынхаа зааж сургасан эрдэм боловсролыг ажил, амьдралдаа хэрэгжүүлж, бахархам их амжилтаар ач буяныг нь хариулах их хүлээлт үлдэж байна. Та бүхэн цаашид цаг хугацааныхаа эзэн, ирээдүй үеийнхээ жолооч нь байж, салбартаа үнэлэгдсэн эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай инженерүүд болохыг хүсэн ерөөе” гэв.
Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга, Төмөр замын дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга М.Цогт хэлсэн үгэндээ “Би 22 жилийн өмнө энэ сургуульд суралцаж, инженер мэргэжил эзэмшиж байлаа. Одоо сургуулийнхаа Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, бас оюутнууддаа хичээл зааж байсандаа баяртай байна. УБТЗ-ын боловсон хүчний бодлогод гарсан өөрчлөлтийн үр дүнд ажлаа хийнгээ хосолсон сургалтаар дээд сургууль төгсөх боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Өнөөдөр олон зүйл өөрчлөгдөж байна. Төмөр замын тээврийн ачаалал урд хэсэгт төвлөрч, инженер техникийн ажилтны хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Энэ үед “Говийн төмөр замчин” хөтөлбөрт хамрагдсан 36 залуу инженерийн дипломоо гардан авч байгаа нь маш чухал юм. Та бүхний өмнө их ирээдүй, их зорилго байгаа шүү. Энэ өдөр та бүхэнд хамгийн сайн сайхан бүхний эхлэл байх болтугай” гэв.
Ёслолын ажиллагаанд төгсөгчдийг төлөөлж Замын аж ахуйн ангийн оюутан С.Дүүрэнбаяр үг хэлэхдээ “Би Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Сандагийн дунд хүү. Би гурван үеийн төмөр замчин. Би УБТЗ-ын Замын IV ангид 2001 оноос эхлэн одоо хүртэл замчнаас инженер хүртэлээ ажиллаж байгаа. Миний хувьд өдрийн ангид суралцаж, инженер болох боломжгүй байсан. Харин надад энэ боломжийг олгосон УБТЗ-ын удирдлага, Төмөр замын дээд сургуулийн хамт олондоо баярлалаа. Сурахад оройтдоггүй гэдгийг би сонсож байснаас мэдэрч байгаагүй юм байна. Одоо л би биеэрээ ойлгож байна” гэв.
Диплом гардуулах ёслолын дараа Төмөр замын дээд сургуулийн захирал С.Галбадрахтай уулзаж зарим нэг зүйлийг тодруулж ярилцлаа. Тэрбээр “Манай сургуульд урьд нь хуучнаар эчнээ болон оройн анги гэж байсан. Одоо шинэ нэршлээр зайн болон танхимын хосолсон сургалтаар тээвэр зохион байгуулалт-удирдлага, автоматик-телемеханик холбоо, зүтгүүрийн аж ахуй, вагоны аж ахуй гэсэн үндсэн мэргэжил эзэмшсэн 108 оюутан өнөөдөр бакалаврын зэрэгтэй төгсөж байна. Эдгээр төгсөж байгаа оюутнуудын дунд өдрийн ангид дөрвөн жил суралцаж, төгсөх ёстой оюутнуудаас 3.5 жил сураад төгсөж байгаа онцлох оюутнууд ч байна. Төгсөгчдийн 30 хувь нь УБТЗ-аас тэтгэлэг аваад “Говийн төмөр замчин” хөтөлбөрт хамрагдаж, суралцаж төгсөж байна. Төмөр замын дээд сургуульд одоо үндсэн долоон мэргэжлээр оюутнууд суралцаж байна. Сүүлийн үед ажлын байран дээр тавигдах шаардлагаас хамаарч мэргэжил, нэршил өөрчлөгдөх тохиолдол нэлээд гарч байна. Үүнтэй уялдуулж Тээврийн инженер-эдийн засагч, Тээврийн ложистикч гэсэн мэргэжлээр шинээр элсэлт авч, эхний элсэгчид одоо III, IV курст суралцаж байна.
Түүнчлэн, ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны их сургуульд 2+3 гэсэн хөтөлбөрөөр, БНХАУ-ын Бугатын Төмөр замын коллежид шаталсан 3+2 хөтөлбөрөөр оюутан сурагчдыг сургаж байна. Энэ жилээс БНСУ-ын Дунианы их сургуульд замын мэргэжлээр 2+3 хөтөлбөрөөр оюутан сургахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ оны дөрөвдүгээр сард элсэлтийг зохион байгуулна” гэв.
Г. Энхбаатар
