Нүүр Боловсрол Төмөр замын мэргэжлээр суралцах 80 хүнд тэтгэлэг олгоно
Боловсрол

Төмөр замын мэргэжлээр суралцах 80 хүнд тэтгэлэг олгоно

G.Press 5 сарын өмнө 136 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улс дахь ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар хамтран төмөр замын мэргэжлээр ОХУ-ын Зам харилцааны их сургуулиудад болон УБТЗ-ын Төмөр замын их сургууль, Политехник коллежид тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутан суралцуулах талаар УБТЗ-ын ажилтнууд болон оюутан, сурагчдад тодорхой мэдээллийг танхимаар болон цахимаар өглөө. "Ган зам палас"-т болсон уг арга хэмжээнд ТЗИС, Политехник коллежийн оюутнууд оролцсоноос гадна цахимаар 500 гаруй хүн оролцжээ. Мөн Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч дарга М.Цогт, Монгол Улс дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газрын Боловсролын хэлтсийн дарга Даяна Борисова болон холбогдох албан тушаалтнууд байлцлаа.

“Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар буюу Улаанбаатар дахь “Русский дом” хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-аас зохион байгуулдаг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд төмөр замын мэргэжлээр суралцах 80 хүнд уг тэтгэлгийг олгох юм. Бүртгэл нь 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийг дуустал цахимаар явагдаж байгаа юм.

Мөн уг арга хэмжээний үеэр Замын даргын 2025 оны долдугаар сарын 4-ний өдрийн А/527 тоот тушаалаар баталсан “Төмөр замын мэргэжлээр суралцаж буй суралцагчдад УБТЗ ХНН-ийн нэрэмжит тэтгэлэг, тэтгэмж олгох журмын талаар Хүний нөөцийн албанаас танилцууллаа. Нийгэмлэгийн хүний нөөцийн санг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү журамд ТЗИС, Политехник коллеж болон гадаадын их дээд сургуульд суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгоход тавигдах шаардлага, тэтгэлгийн төрөл, олгох нөхцөлийн талаар дэлгэрэнгүй заажээ.

Уг арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч дарга М.Цогт ярихдаа “Монгол Улсын эдийн засагт төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэхийн хирээр тус салбарт ажиллах чадварлаг хүний нөөцийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Ийм цаг үед төмөр замын тээврийн салбарт тэргүүлэх үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН хүний нөөцийн сангаа улам бэхжүүлэх, ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Тийм ч учраас УБТЗ ХНН 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлж олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм” гэдгийг онцлон дурдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.