ОХУ-ын найман хотын төмөр замын их сургуулиас сонгоод 100 хувийн тэтгэлэгтэй суралцах 80 квотын талаар энэ сарын 4-нд УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт болон Хүний нөөцийн алба, мөн Монгол Улс дахь “Русский Дом” буюу Россотрудничество агентлаг хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-өөс ТЗИС, ПТК-ийн оюутнуудад танилцууллаа. Уг уулзалтад шугам замын салбар нэгжийн удирдлагууд болон зарим аймаг, сум дахь ЕБС-ийн төмөр замын мэргэжлээр чиглүүлэх сургалттай ангийн багш, сурагчид цахимаар оролцов. Уулзалтын эхэнд Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт “Энэ оны зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй гол ажлуудын нэг нь сайн төмөр замчныг бэлтгэх, залууст жигд боломжийг олгох юм. УБТЗ-ын хувьд гол замын 1110 км төмөр замдаа 16 мянга орчим төмөр замчинтай. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад төмөр замын салбар хурдтай хөгжиж, 1000 орчим км төмөр зам шинээр баригдлаа. Засгийн газар ирэх гурван жилд дахин 3000 орчим км төмөр зам барихаар бодлогодоо тусгаж, ажлууд нь явж байна. Мэргэжил эзэмшээд хамгийн чухал нь төгсөхөд ажлын байртай байх шүү дээ. Харин төмөр замын мэргэжлээр суралцсанаар ажлын байр 100 хувийн баталгаатай” хэмээгээд ОХУ-ын тэтгэлгээр энэ жил Монгол Улсаас 620 оюутан элсүүлэхийн 80 нь төмөр замын салбарт хуваарилагдсаныг танилцууллаа.
Дээр нь төмөр замын сургуулиудад сурч буй манай оюутнууд РЖД буюу “Орсын төмөр замууд” НХН-ийн захирлаас сар бүр 12 мянган рублийг тэтгэлэг дээрээ нэмж авах ажээ. Мөн УБТЗ ХНН-ийн даргын ОХУ, БНХАУ-д сурч буй оюутнуудын тэтгэлэгт багтаагүй дотуур байр болон ирж буцах зардлыг олгох тэтгэлэг бий. Үүгээр зогсохгүй сурлагын дүнгээс нь хамаарч тодорхой хэмжээний урамшуулалг ч олгодгийг танилцуулав
Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Даяана Викторовна Борисова тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тус байгууллага ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 2014 оноос хойш хариуцаж байгаа аж. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 15 хүртэл бүртгэж буй юм байна. Тэрбээр, “Бүртгэлийн систем нэгдүгээр сарын 14-ний 23.59 цагт хаагдана. Уг системийг ОХУ-ын Засгийн газраас ажиллуулдаг болохоор заасан хугацаандаа автоматаар хаагдана. “Яг явуулах гэтэл хоцорлоо, бүртгээд өгөөч” гэвэл ямар ч аргагүй. “Би орос хэл мэдэхгүй, надад боломж олдохгүй юм байна” гэж ойлгож болохгүй. Санаа зоволтгүй, нэг жилийн хэлний бэлтгэл анги ч 100 хувь тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэгт хамрагдах ч маш амархан. Та education-in-russia.com хаягт онлайнаар бүртгүүлэн ёстой. Харин education нэрээр эхэлсэн цахимтай, “ОХУ-д тэтгэлгээр сургана” гэсэн олон хаяг байдаг юм билээ. Эдгээрээс та бүхэн манай хаягийг маш сайн тогтоож аваарай. Бүртгүүлэхдээ,
-
Оюутан бол дүнгийн тодорхойлолт, ЕБС-д сурдаг бол гэрчилгээ
-
Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 2028.03.01-нээс хойш байх/
-
Олимпиад, нийгмийн чухал ач холбогдол бүхий амжилтууд, спорт олон нийтийн ажлын амжилт, бүтээлч уралдаан тэмцээн, сайн дурын ажил гэх мэт.
-
Гадаад паспорт болон монгол бичиг баримтаа баталгаат орчуулгын газраар орчуулуулж тамгалуулсан байх.
-
Хоёр минутаас ихгүй видео танилцуулга орсоор
Эдгээрийг бүрдүүлэн анкет бөглөж дуусмагцаа та “Илгээх товч” дээр дараарай. Өмнөх жилүүдэд илгээх товч дээрээ даралгүй орхиод хоцорсон тохиолдол цөөнгүй бий. Видео танилцуулгыг орос хэлээр хийх нь тухайн горилогчийн идэвх зүтгэл, хүсэл сонирхол, мөн орос хэлний дуудлага гэх мэтийг олон талаас нь хардаг. Өмнө нь зарим хүүхэд багштайгаа текст бэлтгээд уншихад зарим нь слайд бэлтгээд танилцуулж байсан. Тэгэхээр та бүхэн би орос хэл мэдэхгүй гэж орхиж болохгүй. ОХУ 2020 оноос гадаад оюутан ажил хийхийг албан ёсоор зөвшөөрсөн. Гэхдээ бэлтгэл болон нэг, хоёрдугаар курстээ ажил хийсний хэрэггүй гэж зөвлөе. Ажил хийж байгаад хичээлээс хоцорч, шалгалтаа өгч чадалгүй сургуулиас гардаг хүүхэд олон бий. Сурлагадаа, орос хэлэндээ сайн болсон үедээ буюу сүүлийн жилүүддээ ажил хийж болно. Хэрэв сурлагадаа сайн, сургуулиа төлөөлөн олимпиад, урлаг, спортын тэмцээнд оролцдог бол илүү өндөр стипенд олгодог. Төмөр зам болон анагаахын чиглэлийн мэргэжлээр таван жил сурна. Хэлний бэлтгэлтэй бол зургаан жил болно. Төгсөхөд диплом нь Монгол Улсын магистртай дүйцнэ гэсэн үг” гэв.
Энэ үеэр Замын даргын 2025 оны долдугаар сарын 4-ний өдрийн А/527 тоот тушаалаар баталсан “Төмөр замын мэргэжлээр суралцаж буй суралцагчдад УБТЗ ХНН-ийн нэрэмжит тэтгэлэг, тэтгэмж олгох журам”-ын талаар Хүний нөөцийн албанаас танилцууллаа. Нийгэмлэгийн хүний нөөцийн санг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү журамд ТЗИС, Политехник коллеж болон гадаадын их дээд сургуульд суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгоход тавигдах шаардлага, тэтгэлгийн төрөл, олгох нөхцөлийн талаар дэлгэрэнгүй заажээ. Тухайлбал, ЭЕШ-ын өндөр оноотой хүүхдүүдийг ТЗИС, ПТК-д үнэгүй сургахаар журамдаа шинэчлэлт оруулсан байна. Энэ мэтчилэн төмөр замын мэргэжлээр дотоод гадаадын их сургуулиудад тэтгэлгээр суралцах олон боломж байгаатай оюутнууд танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.
М.Наранболд
