Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэхдээ Тавантолгойн төмөр зам болон Зүүнбаян төмөр замыг нэгтгэхээр болсон тухай мэдээллээ. Ингэснээр чиг үүргийн давхардал арилж, орон тоог 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэв.
Өнөөдрийн байдлаар манай улсад ХНН УБТЗ-аас гадна Монголын төмөр зам ТӨХК, Таван толгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК гэх мэт хэд хэд төмөр зам бий болсон. Ингэж олон компани зэрэгцэж байгуулагдсанаар тухайн салбарын хөл дээрээ босох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд ихээхэн хүндрэл учруулах болжээ.
ХНН Улаанбаатар төмөр зам нь ОХУ-тай хамтарсан учраас цаашид дангаараа үйл ажиллагаагаа явуулна. Харин хэдэн талд бий болоод байгаа төмөр замын компаниудыг ингэж нэгтгэснээр Монгол Улсад өөрийн гэсэн үндэсний төмөр замын томоохон компани бий болгоход түлхэц болсон нэг алхам гэж Засгийн газар үзэж байна.
