Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өнгөрсөн Ням гаригт 22-ын товчоо болон Биокомбинатын гүүрийн орчимд ажиллав. Тэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй салбар төмөр замын төслийн газар чөлөөлөлтийн байдлыг газар дээр нь шалгав.
Салбар төмөр замыг Улаанбаатар хотыг тойруулан, төв магистрал шугамд Толгойт өртөө орчмоор холбох ажлыг түргэвчлэх шаардлагатайг сайд онцолж, газар чөлөөлөх ажлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж ирэх хавраас 24 км холболтын шинэ төмөр замын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Холболтын төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв коридороор дамжин өнгөрдөг ачааг Хөшигийн хөндий рүү чиглүүлэх боломж бүрдэж, хотын түгжрэлийг 20–30 хувиар бууруулах, мөн 34 нэр төрлийн аюултай ачааны эрсдэлийг арилгах нөхцөл бүрдэх ажээ.
