Тээврийн хяналтын алба олон улсын "Гармын мэдлэг дээшлүүлэх өдөр"-ийг угтан "Төмөр замын гармын аюулгүй байдал" сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ, Тээврийн прокурорын газар, Төмөр замын цагдаагийн газрын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлэн мэдээлэл өгсөн юм. Мөн өнөөдрөөс эхлэн улс орон даяар төмөр замын гарам дээр гарч болзошгүй осол, зөрчлийг бууруулах "Түр зогс  бүү яар" нөлөөллийн аяныг эхлүүлж байгаа юм.  Олон улсын төмөр замуудын холбоо 2009 оноос “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. Энэхүү өдрийг улс, орнууд төмөр замын гарам дээрх эрсдэлийг бууруулах зорилгоор НҮБ, Европын холбоо зэрэг томоохон байгууллага, орнууд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. УБТЗ-ын хувьд 2011 онд “Олон улсын төмөр замуудын холбоо”-нд нэгдсэн бөгөөд 2013 оны тавдугаар сарын 7-нд “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг “Зогс! Галт тэрэгнээс болгоомжил” уриатайгаар анх тэмдэглэн өнгөрүүлж байсан бол энэ жил "Түр зогс бүү яар" уриатайгаар 11 дэх жилдээ уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” нь гармын техникийн байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд гармын тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн чухал. 2023 оны “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг Тээврийн хяналтын алба хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд салбар замууд дахь гармуудыг бүртгэлжүүлэх, “Төмөр замын гарам ашиглах журам”-ын шаардлагад нийцүүлэн тоноглох, шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй гармуудыг хөдөлгөөнд хаах, УБТЗ-ын хэмжээнд буй гармын тооллого, судалгаа, үзлэг шалгалт, эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Ялангуяа, эрсдэл өндөр  Сүхбаатар-Дулаан хоорондын замын 25-р километрийн гармыг хоёр түвшинд огтлолцуулан нүхэн гарц барих, Хангай-Багахангай хоорондын замын 508-р километрийн гармын тоноглолыг сайжруулан жижүүрийн зохицуулалтай болгох ажлыг орон нутагтай хамтран хийхээр болжээ.