Төмөр замын цагдаагийн газарт энэ оны эхний хоёр сарын байдлаар галт тэрэг автомашинтай мөргөлдсөн гэсэн дуудлага мэдээлэл гурав бүртгэгдээд байна. Эдгээр зөрчлүүд нь ихэвчлэн жолооч нарын буруутай үйлдлээс шалтгаалдаг байна. Төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсгөөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас гадна мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээх болдог. Иймээс жолооч нар төмөр замын гарц гармаар гарахдаа амжиж гарна гэж өөрийн амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй, саадыг тойроод гарч чадахгүй гэдгийг жолооч та бүхэн сайтар ойлгох хэрэгтэй. Гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог.