Төв эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Эрүүл эмэгтэй" өдөрлөг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгийн талаар тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй их эмч Д.Амарбаясгалангаас тодруулахад: "Гуравдугаар сарын 07-нд Эмэгтэйчүүдийн тасаг, Нөхөн үржихүй, Эмэгтэйчүүдийн кабинет хамтран эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөхөөс гадна умайн хүзүү, хөхний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа явагдана. Мөн эмийн компаниуд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэх эмийн бүтээгдэхүүний талаар танилцуулж, хөнгөлөлттэй үнээр борлуулах зэрэг олон үйл ажиллагаа явагдах тул төмөр замчин бүсгүйчүүдээ хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ. Төв эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасаг мэс заслын гурав, хэвтэн эмчлүүлэх 17 буюу нийт 20 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Тус тасаг жилд дунджаар 600 гаруй өвчтөн хүлээн авдаг. Өнгөрсөн онд тус тасагт их засвар хийж, хагалгааны хэсгийг шинэчлэн сайжруулснаар жилд 150 гаруй хагалгаа хийх боломжтой болсон бөгөөд цаашид дурангийн мэс засал хийхээр төлөвлөжээ.