ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧАНАР, ХҮРТЭЭЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Жил бүрийн гуравдугаар сарын 27 өдөр Олон улсын эмч нарын өдөр тохиодог. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Бүтээмж хөгжлийн үндэс” сэдвийн хүрээнд Төмөр замын эмнэлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Төмөр замын эмнэлэгийн болон шугам замын эрүүл мэндийн салбарын эмч, удирдах ажилтнууд оролцлоо.
Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын эмнэлэг нь замын хэмжээнд нийтдээ 27944 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээрийн 17245 нь төмөр замд ажиллагсад, 10699 нь ахмад настан, жирэмсний амралттай эхчүүд, түр чөлөөтэй, оюутан сурагчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Эдгээр үйлчлэх хүрээний хүмүүст 359 эмч, сувилагч, бусад эрүүл мэндийн ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна.
Хүн амын эрүүл мэндийн индексийн хувьд 2025 онд үйлчлэх хүрээний нийт 27944 хүний 18810 нь цоо эрүүл, эрүүл гэсэн үзүүлэлттэй гарчээ. Харин 1558 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байна.
Замын хэмжээнд нийт 37296 өвчлөл бүртгэгдсэнээс халдварт бус өвчлөл 32749 буюу нийт өвчлөлийн 87.8 хувь, стационарын өвчлөл 4406 буюу 11.8 хувь, халдварт өвчин 141 буюу 0.4 хувийг тус тус эзэлж байна.
Төмөр замын эмнэлэг нь 240 ортой бөгөөд өнгөрсөн 2025 онд 4386 хүн 31688 хоног хэвтэн эмчлүүлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 2132-оор буюу 32.7 хувиар цөөрч, ор хоногийн эргэлт төдий хэмжээгээр буурсан байна.
Цаашид эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн хүрээнд УБТЗ-ын эмнэлэг нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөц, санхүүжилт, тусламж үйлчилгээг уялдуулж үе шаттай хөгжих шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлэлцэж тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тавьлаа.
Г.Энхбаатар
