Нүүр Эрүүл мэнд Төмөр замын эмнэлэг хамгийн ачаалалтай асруудын нэг байлаа
Эрүүл мэнд

Төмөр замын эмнэлэг хамгийн ачаалалтай асруудын нэг байлаа

G.Press 13 цагийн өмнө 18 үзэлт 0 сэтгэгдэл

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллажээ. Гурван өдрийн туршид тус эмнэлгийн асар хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг болж, өдөрт дунджаар 200 гаруй хүнд үйлчиллээ. Давхардсан тоогоор 400 гаруй иргэн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна. Өдөрлөгийн үеэр дотоод шүүрлийн эмч цусан дахь сахарын үзлэг хийж, нүд, зүрх судасны эмч нар үзлэг үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн зүрхний цахилгаан бичлэг, хоол зүйчийн зөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг үнэ төлбөргүй зохион байгуулав.

УБТЗ-ын Төв эмнэлгийн харьяа “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв, “Булагтай” сувилал, “Баянбуурал” амралтын газрын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, бүтээгдэхүүний амталгаат худалдааг ч зохион байгуулав. Хүүхэд багачууд, томчуудад хүчилтөрөгчийн коктейлоор үнэ төлбөргүй үйлчилж байгаад иргэд сэтгэл хангалуун байлаа.

УБТЗ-ын Төв эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан М.Жаргалмаа, “Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломж тэр бүр олддоггүй. Тиймээс иргэд маш идэвхтэй ирж үйлчлүүлж байна. Манай эмч нарын мэдлэг, ур чадвар, үйлчилгээний чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талархал хэлэх хүмүүс ч олон байна. Анх өдөрлөгт зам, тээврийн салбарын ажилтнууд түлхүү хамрагдана гэж төсөөлж байсан ч иргэдийн оролцоо илүү өндөр байлаа. Манай эмнэлгийн үйл ажиллагааны талаар иргэд төдийлөн сайн мэддэггүй юм байна. Тиймээс энэхүү өдөрлөгөөр эмнэлгийнхээ үйлчилгээ, хүчин чадлыг сурталчлах чухал боломж гэж харж байна. Төв эмнэлэг нь төмөр замчид болон тэдний гэр бүлийнхэнд үйлчлэхээс гадна эрүүл мэндийн даатгалын шаардлага хангасан иргэдэд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өдөрлөгийн үеэр эмнэлгийн лабораторийн хүчин чадал, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг ч бид танилцуулж байна. Хеликобактерийн амьсгалын сорил, молекул биологийн лабораторийн ПГУ болон TORCH шинжилгээ зэрэг орчин үеийн шинжилгээнүүдийг харьцангуй боломжийн үнээр хийдэг” гэж ярьсан юм.

Мөн энэ онд гэмтэл болон мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд ашиглагддаг CPM буюу үений хөдөлгөөний далайц сэргээх автомат төхөөрөмжийг шинээр нэвтрүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь өвчтөнөөс идэвхтэй хөдөлгөөн шаардахгүйгээр үе мөчний хөдөлгөөнийг сэргээх зориулалттай бөгөөд Монголд цөөн хэдэн эмнэлэгт ашиглагддаг байна. “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь жил бүрийн хавар, намард төмөр замын шугам дагуу ажиллаж, төмөр замчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг билээ.

УБТЗ-ын Төв эмнэлэг эмч мэргэжилтнүүд өдөрлөгөөр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ өөрийн үйл ажиллагаа, шинэ технологи, оношилгооны боломжуудаа олон нийтэд сурталчиллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн гурав хоногийн хугацаанд УБТЗ-ын 700 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж, нийт 43 ажил, үйлчилгээг 9860 хүнд газар дээр нь үзүүлж, зөвлөмж өгчээ. Өдөрлөгөөр УБТЗ-ын үйлчилгээг иргэдэд ойртуулж, ажлынхаа онцлогийг танилцуулсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Б.Түмэн

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.