ТЗДС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтийн баярын үйл ажиллагаа өнгөрсөн Пүрэв гарагт /2025.06.12/ МҮЭСТО-нд ёслол төгөлдөр боллоо. Хаврын хэмээн тодотгосны учир нь тус сургуулийг өнгөрсөн өвөл 158 оюутан төгссөн бол энэ өдөр 197 оюутан төгсөж бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Төгсөлтийн баярт ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер Д.В.Бондарь, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга, Дохиолол, холбооны албаны дарга Л.Гунгаажанцан болон салбар нэгжийн дарга нар, эрдэмтэн багш, ажилтнууд, төгсөгчдийн гэр бүл оролцов. ТЗДС-ийн захирал С.Галбадрах төгсөлтийн баярыг нээж хэлсэн үгэндээ “Манай сургууль 1953 онд үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсад төмөр замын мэргэжилтэн бэлтгэж, 72 дахь төгсөлтөө өнөөдөр хийж байна. Миний бие 2004 онд Төмөр замын коллежоос Төмөр замын дээд сургууль хэмээх ангилал ахиж байх үед сургуулиа төгсөж байсан юм. Харин энэ жил дээд сургууль маань дахин ангилал ахиж, Төмөр замын их сургууль болж байна” хэмээгээд төгсөгчдөдөө баяр хүргэн амжилт хүслээ.
Энэ жилийн төгсөлтийн бас нэгэн онцлог нь ТЗДС өмнө нь “Тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалт”, “Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй”, “Вагон, вагоны аж ахуй”, “Төмөр замын барилга зам, замын аж ахуй”, “Төмөр замын машин ашиглалт”, “Төмөр замын автомат удирдлага механик холбоо”, “Төмөр замын цахилгаан хангамж” гэсэн долоон мэргэжлээр төгсгөдөг байсан бол энэ жил үндсэн хөтөлбөртөө “Тээврийн эдийн засаг” болон “Логистик менежмент” хөтөлбөрийн ангиудыг нэмснээр тус хоёр ангийн анхны төгсөлт болж байгаа аж.
ЗТЯ-ны газрын дарга Х.Итгэлт “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төмөр замын салбарт 2600 орчим км төмөр зам шинээр барьж байгуулах, БНХАУ, ОХУ-тай төмөр замын долоон боомтыг шинээр тавих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа энэ үетэй зэрэгцэн Монголын төмөр замын салбарт шинэ залуу боловсон хүчнүүд төрөн гарч байгаад баяртай байна. Монголын төдийгүй дэлхийн тээврийн салбартай өрсөлдөхүйц мэргэжилтнүүд болохын тулд та бүхний хүчин чармайлт хамгаас чухал. Өнөөдрөөс эхлэн энэ үүрэг хариуцлага та бүгдэд ноогдож байна” гээд оюутнуудад баяр хүргэн амжилт хүслээ.
Замын ерөнхий инженер Д.В.Бондарь “Та бүхэн өнөөдрөөс ажил амьдралын гараагаа эхэлж байна. Одоогоос дөрөвхөн жилийн өмнөх та нарын дунд сургуулийн төгсөлт чухал үйл явдал байгаагүй, харин өнөөдөр бол хамгийн чухал утга учиртай төгсөлт болж байна гэж бодож байна. Өнөөдрөөс эхлэн та бүхэн инженер боллоо. Инженер хүн техник үйлдвэрлэлтэй холбоотой хамгийн чухал зүйлсийг хийдэг. Аюул осолгүй ажиллуулах хамгийн чухал мэргэжлийг эзэмшсэн та нартаа амжилт хүсье. Сургуулиасаа авсан бүх мэдлэгээ ажил дээр гарч дадлага дээр тулгуурлан хийж бүтээгээрэй. Миний зүгээс зөвлөхөд ажлаа хамгийн доод шатнаас эхлэн хийж, дээш шат ахих тусам хөгжиж дэвшээд жинхэнэ мэргэжилтэн болоорой хэмээн зөвлөж байна” хэмээн хэллээ.
Тус сургуульд амжилттай суралцаж “Шилдэг төгсөгч”-өөр шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, “Онцлох” дипломын эзэн болсон оюутнуудыг урамшууллаа. Мөн УБТЗ-ын алба, салбар нэгжийн удирдлагууд нэр бүхий оюутнуудыг өөрийн байгууллагадаа мэргэжлийн чиглэлээр ажиллах урилгыг гардуулсан юм.
Ингээд 2025 оны шилдэг төгсөгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
ТЗДС-ийн шилдэг төгсөгч, Вагон вагоны аж ахуйн ангийн төгсөгч О.Сүндэрьяа: -Би Хөвсгөл аймгаас ирж ТЗДС-д элсэн дөрвөн жил суралцаж өнөөдөр дипломоо гардан авлаа. Сэтгэл их хөдөлж, баяртай байна. Эрдэмтэн багш нартаа болон ээж аав, гэр бүлийнхэндээ хамгаас их баярлалаа. Та нарынхаа ачаар мэргэжлээ эзэмшиж төгслөө. Мөн сургуулийнхаа шилдэг оюутан болж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Нийт төгсөгчдөдөө, ангийнхандаа баяр хүргэн, амжилт хүсье.
ТЗДС-ийн Логистик менежмент хөтөлбөрийн төгсөгч Г.Баттайван:
-Би өөрийн сонирхлоороо Өмнөговь аймгаас ТЗДС-д элсэн орсон. Өнөөдөр миний эзэмшин төгсөж байгаа энэ мэргэжил ямар ч салбар руу хөрвөн ажиллах боломжтой, олон төрлийн мэдлэг ур чадварыг олгосон. Төмөр зам төдийгүй бусад тээврийн салбарт ажиллах чадамжтай сайхан мэргэжил юм. Мөн эдийн засгаар ч үргэлжлүүлэн сурч, ажиллаж болно. Одоо төмөр замдаа ажиллана гэж шийдсэн байгаа. Цаашдаа мэргэжил ур чадвараа дээшлүүлэх зорилго ч бий. Багш нар болон найзууддаа баярын мэнд хүргэе.
Ийнхүү оюутны ширээнээс төмөр замын мэргэжлийн боловсон хүчнүүд төрөн гарч, сурсан мэдсэнээ төмөр замын хөгжил, бүтээн байгуулалтад зориулах итгэл төгс 197 мэргэжилтэн бэлэн болжээ.
ТЗДС энэ жилээс Боловсролын сайдын тушаалаар Төмөр замын их сургууль болж байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү төгсөлт нь төмөр замын дээд сургуулийн сүүлчийн төгсөлт болж, ирэх жилийн төгсөлтөөс оюутнууд их сургуулийн дипломтой төгсөх юм байна.
