УБТЗ-ын Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэр модон дэр, суман шилжүүлгийн дүнз, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 1952 онд анх байгуулагдсан. Суурьлагдсан хүчин чадал 33000-36000 мянган шоо метр мод бэлтгэж, боловсруулах хүчин чадалтай, одоогоор жилд 11-12 мянган шоо метр гуалин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй, 141 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Төмөр замын модон дэр үйлдэрлэх зорилгоор Монгол орны ойгоос мод бэлтгэж, түүнийхээ ойн нөхөн сэргээлтийг хийх зорилгоор 1982 оноос хойш нарс, шинэс гэсэн шилмүүст модыг үржүүлж жилд дунджаар 400000 ширхэг 2-3 настай тарьцыг ойд шилжүүлэн суулгадаг. 2022 оноос эхлэн навчит төрлийн модыг түлхүү үржүүлж, жил бүр дунджаар 800000 ширхэг навчит модны тарьцыг үр болон мөчрөөр тарьж үржүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Замын захиргаанаас 2022 оноос хойш тус үйлдвэрт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Тус үйлдвэрийнхэн мод үржүүлгийн гурван талбай буюу нийт 29.5 га талбайд тарьц суулгац бойжуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ба Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэнд 2030 оныг дуустал УБТЗ нь нийтдээ дөрвөн сая модыг тарьж ургуулах амлалт өгч, оролцож байна. Амлалтынхаа хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 онд Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрийнхээ мод үржүүлгийн хэсгийг түшиглэн хангай болон хээрийн бүсэд мод тарьж, ургуулах төмөр замын байгууллагуудыг тарьцаар хангах гол бааз нь болж ажиллаж байна. 2025 оныг хүртэл Мод боловсруулах үйлдвэрийн мод үржүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 392852 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, анхны хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж жил бүр дунджаар 1.2 сая тарьц үржүүлдэг боллоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгаас жил бүр зохион байгуулдаг хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцож байна.
2022-2025 оны хооронд дөрвөн сая мод тарьж ургуулах амлалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд найман нэр төрлийн 217269 ширхэг 2-3 настай навчит модны тарьцыг бэлтгэн нийлүүлжээ. Энэ хугацаанд төмөр замын 503 дугаар км дэх “Төмөр замчдын төгөл”-өөс гадна нийт 28 салбар нэгжүүд дөрвөн сая мод тарьж, ургуулах зорилтын хэрэгжилтийг хангахад Замын 1, 3, 4 дүгээр ангиуд, Толгойт өртөө, Сайншанд татах хэсэг, Зам засварын машинт станц гэхчлэн олон байгууллага амжилттай түүчээлсээр байна.
Цаашдын зорилго зорилт, хэрэгцээ шаардлага
Мод үржүүлгийн талбай, модны төрөл, ургалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх туршлага судлах. Мод үржүүлэг хариуцсан мэргэжлийн инженер техникийн ажилтантай болох. Хүлэмжийн аж ахуй болон бүрэн автоматжуулсан хүлэмжүүд, өвлийн хүлэмжийг нэвтрүүлэх, гадаад дотоодын ойн мэргэжлийн байгууллагуудтай тогтмол туршлага судалж хамтын ажиллагаатай болох. Тарьж бойжуулсан тарьц, суулгацын борлуулалтыг тогтмолжуулж, жилд 1-1.5 саяас багагүй мод тарьц борлуулдаг болох зэрэг зорилго тавин ажиллаж байна.
МНТ-ны хэрэгжилтийн талаар
УБТЗ-ын Замын аж ахуйн албаны удирдлагуудын санаачлагаар ISO 9001 “Чанарын менежментийн тогтолцоо”-ны 8.3 дахь шаардлага, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд төмөр замын хориг хашааны бетон шон үйлдвэрлэж эхэлсэн. 2025 оны наймдугаар сараас эхлэн тоног төхөөрөмж суурилуулах, туршилтын ажлаа эхлүүлж, шинэ бүтээгдэхүүнээ есдүгээр сараас 1157 ширхэгийг үйлдвэрлэж замын ангиудад олгоход бэлэн болоод байна. Замын ангиуд 2026 онд төмөр замын хориг хашааны 18000 ширхэг бетон шон хэрэглэх захиалгаа өгсөн. Энэ хэрэглээг хангахын тулд 2025 оны 12 дугаар сараас эхлэн хориг хашааны бетон шонгийн төмөр бүтээцийг нийтдээ 5300 ширхэгийг хийж бэлэн болголоо.
ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны хэрэгжилтийн хүрээнд 2025 оны 11 дүгээр сард магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар Байгаль орчны аудитыг Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, агаарын чанар, ус ашиглалт, газрын менежмент, хөрсөн бүрхэвч, биологийн олон янз байдал, хог хаягдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, удирдлага зохион байгуулалт, химийн бодисын чиглэлээр холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг тодорхойлох зорилгоор нийцэл болон үл нийцлийг нийт 203 шалгуур үзүүлэлтээр дүгнүүлэхэд 77 хувьтай дүгнэгдсэн. Ер нь байгаль орчны аудитын байгууллагын гол анхаарч байгаа асуудлын нэг бол яах аргагүй усны асуудал байлаа. Усыг бид хэрхэн зөв зохистой хэрэглэж байгаа, усны нөөц, хэрэглээ, бохир ус байгальд хор хөнөөл учруулж байгаад, цаашид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа анхаарч усыг цэвэршүүлж, дахин ашиглах, бохир усны алдагдлыг багасгах талаар зөвлөж байлаа.
Мөн цаашид байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөө зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх, эсвэл одоогийн түвшингээсээ өөрчлөгдсөн эсэхийг тодорхойлох мониторингийн цэгүүдийг Зүүнхараа дахь боловсруулах үйлдвэрийнхээ хашаанд байгуулж, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлага болон хуулийн нийцлийн үүргийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажилласаар байна.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.