Монгол Улсад Пауэрлифтингийн мастер ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд 43 орны 530 гаруй тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөний дотор төмөр замчин хоёр залуу оролцож, алт, хүрэл медалийн эзэд болсон байна.

Тодруулбал, тэмцээний М1 ангиллын -74 кг-ийн жинд гурван төрөлтөөр оролцсон УБТЗ-ын Замын-Үүд ТҮГ-ын вагон үзэгч, спортын мастер Б.Батсайхан хэвтээ шахалтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Мөн тэрбээр, таталт, суултын төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж, гурван төрөлтийн нийлбэр дүнгээр мөнгөн медалийн эзэн болжээ.

 Б.Батсайхан пауэрлифтингийн спортоор арав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль, Азийн хошой аварга, Улсын гурван удаагийн аварга, төдийгүй улсын рекорд амжилтыг эзэмшдэг туршлагатай тамирчин юм. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд Б.Батсайхан өөрийн гол төрөл болох хэвтээ шахалтаар 190 кг-ийг өргөсөн нь мөнгөн медаль хүртсэн тамирчнаас даруй 30 кг-аар илүү жинг өргөсөн үзүүлэлт байв. Тэр суултаар 210, таталтаар 225 кг-ийг өргөж, гурван төрөлтийн нийлбэр дүнгээр 625 кг-ийг өргөсөн байна.

Түүнчлэн, уг тэмцээний M1 ангиллын 83 кг-ийн жинд оролцсон Замын-Үүд өртөөний тээш хүлээлцэгч, спортын дэд мастер Б.Ганбилэг дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож, хэвтээ шахалтын төрөлд хүрэл медалийн эзэн болсон байна. Б.Ганбилэг өмнө нь 2019 оны улсын аваргын хүрэл, 2022 оны улсын аваргаас гурван мөнгө, хоёр хүрэл 2022 оны Бүх ард түмний их наадмын алт,  хоёр мөнгө, нэг хүрэл, 2023 оны улсын аваргын тэмцээнээс хос мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ. Тэрбээр, ирэх 12 дугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.

 

Дэлхийн шинэхэн аварга Б.Батсайханаас сэтгэгдлийг нь сонслоо.

-Анх удаа Дэлхийн аваргын тэмцээний гурван төрөлтөд оролцож, гурвуулангаас нь медаль хүртлээ. Түүнээс өмнө энэ оны тавдугаар сард Өмнөд Африкийн Санситид болсон Дэлхийн аваргын тэмцээнд хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн байсан. Энэ удаагийн тэмцээнд алт авах зорилготой оролцож санасандаа хүрсэндээ баяртай байна. Суултын төрөлд алт авах боломж байсан ч бага сага алдаа гаргаж, бэртэл авснаар мөнгөн медаль хүртлээ.

-Дэлхийн аварга болчихлоо. Одоо таны дараагийн зорилт юу вэ?

-Улсын аваргын тэмцээндээ оролцож, Монгол Улсын рекордыг дахин шинэчлэн тогтоох, ирэх оны тавдугаар сард Америкад болох дэлхийн аваргад оролцож, хэвтээ шахалтын хошой аварга болох зорилт тавьж байна.

-Танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, Дэлхийн хошой аварга болохыг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

   

С.Ерөөлт:Төмөр замчид маань спортын салбараас амжилтын арвин ургац хураалаа

 

“Замчин” спорт хорооныхон шинэ дэлхийн аваргаа хүлээн авч, баяр хүргэх үеэр тус хорооны дарга С.Ерөөлтөөс төмөр замчин тамирчдынх нь амжилтуудыг тодрууллаа.

“Замчин” спорт хорооны дарга С.Ерөөлт:

Энэ он бол манай хорооны хувьд ихээхэн онцлог жил байлаа. Тодруулбал, БСШУСЯ гэж байснаа гурав салаад Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам, Олимп, нийтийн биеийн тамир, спортын яам гэж шинээр байгуулагдсантай холбогдуулаад хууль эрх зүйн хүрээнд Соёл урлаг спортын төвөөсөө “Замчин” спорт хороо маань “өрх тусгаарлаж” энэ оны гуравдугаар сарын 1-нд яг спортын чиглэлийн мэргэжлийн байгууллагын хувьд шинээр байгуулагдсан.

Түүнээс хойш Замын хэмжээний спортын уралдаан тэмцээнийг хариуцан зохион байгуулахаас гадна улсын болон ОУ-ын тэмцээн уралдаанд тамирчдаа оролцуулах үйл ажиллагааг хариуцаад явж байна. Энэ хугацаанд их сайхан амжилтууд гарлаа. Өнгөрсөн хавар зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Б.Болд, туслах дасгалжуулагч Д.Даваасамбуу нарын дасгалжуулсан төмөр замчин залуусын баг түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн манай баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Энэ хавар 55 их дээд сургуулийн 1000 гаруй оюутан оролцдог, 6-7 сар үргэлжилдэг “Оюутны лиг”-т ТЗДС-ийн “Жигүүртэн” баг маань хүрэл медаль хүртсэн. Шөвгийн наймд үлдэхдээ АШУҮИС-ийн багийг, шөвгийн дөрөвт үлдэхдээ ШУТИС-ийн багийг, медалийн төлөөх тоглолтод СЭЗИС-ийн багийг буулгаж авч, анх удаа медаль хүртсэн сайхан амжилт үзүүлсэн. 2023-2024 оны шинэ улирлын тоглолтууд эхэлсэн, одоогийн байдлаар хоёр хожилтой явна.

Мөн дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас шалтгаалан сүүлийн гурван жил завсарлаад байсан Төмөр замчдынхаа мэргэжлийн баярт зориулсан наадмыг Хөлийн голдоо өргөн цар хүрээнд амжилттай зохион байгууллаа. Олон сайхан бөх, харваачид ирж оролцсон. Төмөр замчид маань магнай тэнэгэр наадсан. Дараа жил УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад урьтал болсон бэлтгэл ажил боллоо гэж харж байна.

Энэ намар Замын аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаануудыг олон төрлөөр шил даран зохион байгууллаа.

Дээр нь, Монгол Улсад зохион байгуулагдаж хоёрхон хоногийн өмнө өндөрлөсөн пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр төмөр замчин залуу маань оролцож, Замын-Үүд ТҮГ-ийн вагон үзэгч Б.Батсайхан “Дэлхийн аварга” боллоо. Мөн Замын-Үүд өртөөний ачаа вагон хүлээлцэгч Б.Ганбилэг маань хүрэл медаль хүртлээ.

Мөн хоёр хоногийн өмнө өндөрлөсөн Залуучуудын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Замчин” баг маань хүрэл медаль хүртлээ. Ийм сайхан амжилтууд ар араасаа гарч байгааг дуулгахад таатай байна.

Одоо он дуустал төлөвлөсөн ажлуудаа хуваарийн дагуу зохион байгуулахаас гадна шинэ оны босгон дээр уламжлал ёсоор “Ган зам” цом гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ жил замчин тамирчид маань маш олон амжилтын эзэд болсон учир нэлээд өрсөлдөөнтэй шалгаруулалт болох нь. Энэ жил “Замчин” спорт хорооны хувьд амжилтын ургац арвин сайхан жил болж байна.

Эдгээр амжилт юутай холбоотой вэ гэхээр тамирчдаа дэмждэг Замын захиргаа, байгууллага, хамт олон, ҮЭ-ийн байгууллагуудын хамтын хүч, дэмжлэгийн үр дүн гэж харж байна.

 

 Б.Гүнжинлхам