УБТЗ-ын Ахмадын холбооны харьяа Замын-Үүд зангилааны Ахмадын хорооны “Сэтгэлийн говь” явган алхалтын клубын ахмадууд УБТЗ ХНН-ийн 75, Ахмадын холбооны 45 жилийн ойн хүрээнд Сайншандаас Улаанбаатар хүртэл 13 хоног алхаж ирлээ. Тэднийг энэ сарын 15-нд Улаанбаатар вокзал дээр Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Ахмадын холбооны дарга, МУГТ Ю.Идэрчулуун, “Замчин” спорт хорооны арга зүйч Ц.Энхжаргал тэргүүтэй албаны хүмүүс, ахмадууд угтан авч баяр хүргэв. Энэ үеэр Замын орлогч дарга А.Батболд “Ахмадууд маань 474 км газарт явган алхаж, биеийн эрүүл мэндээ дэмжиж, спортын ач тусыг төмөр замчин залуустаа сурталчилан таниулж, 75 жилийн ойдоо эрч хүч, спортын өндөр амжилтаар бэлэг барьсанд талархаж, бас бахархаж байна” гээд хоёр сая төгрөгийн батламж гардууллаа. Мөн “Замчин” спорт хорооны арга зүйч Ц.Энхжаргал “Ахмадын холбоотой манай хороо хамтран ажиллаж, ахмадуудын аяллын үеийн мэдээллийг үргэлж авч байсан. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд бэлэн байлаа. Харин энэ хугацаанд ахмадуудын эрүүл мэндэд ямар ч асуудал гараагүй. Ер нь, явган алхалт хүнийг эрүүлжүүлдэг спорт болохоор ядрах нь бүү хэл сэтгэл санаа нь улам сэргэсэн байна. Өдөрт 40-50 км алхана гэдэг дотоод сэтгэхүйн эрүүл мэнд нь ч маш сайн байгаагийнх. Бид ирэх наймдугаар сард явган алхалтын Замын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнээ зохион байгуулна. Үүнд төмөр замчид, ахмадууд маань идэвхтэй оролцоорой гэж энэ ташрамд уриалъя” гэлээ. Түүнчлэн, ахмадуудад Дорноговь аймгийн Явган алхалтын холбооны удирдлагууд батламж гардуулсан юм.

 

Замын-Үүд зангилааны Ахмадын хорооны дарга М.Баттогоо:

 

-Манай “Сэтгэлийн говь” клубийнхэн 2022 онд Замын-Үүдээс Сайншанд хүртэл 234 км алхаж байсан. Энэ онд бид УБТЗ-ын 75, Ахмадын холбооны 45, Замын-Үүд сумынхаа 30 жилийн ойд бэлэг барихаар Сайншандаас Улаанбаатар хүртэл 474 км-т алхаж ирлээ. Өдөрт хамгийн дээд тал нь 51 км алхсан. Сүүлийн өдөр л 22 км алхлаа. Уг нь 14 хоног явах ёстой ч нөхөж алхсаар нэг хоног хожсон. Цаг агаарын хувьд янз бүр л байлаа. Аадар бороо орж, аагим халуун болж, салхиар ч шуурлаа. Гэвч бидний хэн нь ч няцалгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ барианд орсондоо баяртай байна. Насны хувьд 62-71-тэй 11 ахмад оролцлоо. Эрүүл мэндийн хувьд ч бидэнд асуудал гараагүй. Биднийг БАҮ-ний ангийнхан тусалж, Айраг, Багахангай зэрэг төвлөрсөн газарт буудалдаа хонуулсан. Бид мишоктойгоо явсан болохоор хоорондын замын өртөө, зөрлөгүүдэд төмөр замчин залуусынхаа тус дэмээр ажлын өрөө, эсвэл эзэнгүй айлд хоносон. Залуучууд маань “Та нар ямар мундаг юм бэ. Ийм хол газар яаж алхаад ирэв ээ” гэцгээж, урам өгч байсан. Бид хоноглосон газраа залууст урлагийн үзүүлбэр үзүүлж, хийн дасгалаа хийж байлаа. Гэвч сонгууль эхэлсэн учраас больсон. Алхаж ирсэн ахмадуудаараа бахархаж, аяллын туршид бидэнд тусалсан төмөр замчдадаа талархал илэрхийлье. Манай багт спортын мастер хоёр, дэд мастер гурав бий. Бид Монголын явган алхалтын  холбоонд гишүүнээр элссэн. Цаашид Сүхбаатар зангилаа хүртэл алхъя гэвэл ч асуудал алга.

 

Ю.Идэрчулуун: “Хос уянга” хамтлаг маань Хөх хотын урилгаар тоглолт хийсэн

 

Ахмадын холбооны дарга, МУГТ Ю.Идэрчулуунтай уулзаж ярилцлаа.

 

-Ахмадууд 75 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байна. Замын-Үүдийнхэн Сайншандаас Улаанбаатар хүртэл алхаж ирлээ?

 

-Замын даргын хаврын үзлэгээр Замын-Үүд зангилааны ахмадууд түүхт ойг угтан “Бид Улаанбаатар хүртэл явган аялал хийнэ” гэж Замын даргад амласан юм. Замын дарга ч дэмжсэн. Тэгээд энэ хүрээнд ахмадууд маань Сайншандаас нааш өдөрт 50 км алхаж, зам дахь өртөө зөрлөгүүддээ уран бүтээлийн тоглолт хийсээр Улаанбаатарт ирлээ. Бид урд, хойд, төвийн хэсэглэлд мөн явган аялал зохион байгуулж байгаа. Урд замын явган аяллыг Чойр зангилаанд хийсэн бол төвийн хэсгийг Багахангайд, харин хойд замынхыг Салхитад хийхээр төлөвлөөд байна. Манай ахмадууд энэ мэтчилэн эрүүл мэндийг дэмжсэн, эрүүл байхыг сурталчилсан олон ажил зохион байгуулдаг.

УБТЗ-ын түүхт 75, Ахмадын холбооны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ирэх аравдугаар сард ахмадууд ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд манай холбоо жилийн календарьчилсан төлөвлөгөө гарган ажлаа хийж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Ялалтын баяраар тусгай төлөвлөгөө гаргаж, ОХУ-аас манайд ажиллаж байгаа мэргэжилтэн, тэдний гэр бүл, удирдах ажилтнуудад зориулсан тоглолтыг бэлтгэн толилууллаа. Үзэгчдийн сэтгэлд нийцсэн сайхан тоглолт болсон. Замын Ерөнхий инженер С.П.Старцев тусгайлан баяр хүргэж, урам хайрласан. Түүнчлэн, нийслэлийн 30 гаруй байгууллагын ахмадуудын дунд зохион байгуулсан шугаман бүжгийн тэмцээнд манай ахмадууд тэргүүлж, хоёр сая төгрөгөөр шагнууллаа. Саяхан төвийн хэсэглэлдээ дуу, бүжгийн тэмцээн зохион байгууллаа. Ирэх аравдугаар сарын 1-нд болох 45 жилийн ойн үйл ажиллагаанд оролцуулах уран бүтээлчдээ Замын-Үүд, Сайншанд, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Салхит, Улаанбаатар гэхчлэн бүх зангилаанаас шалгаруулна. Төвийн зургаан бүсийн нэгдсэн тоглолтыг бид саяхан зохион байгуулсан.

 

-Та бүхэн саяхан БНХАУ-д очиж тоглоод ирсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

 

-БНХАУ-ын Хөх хот манай Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хот гэж явдаг юм байна. Энэ хүрээнд бид нийслэлтэйгээ хамтран манай Ахмадын холбооны “Хос уянга” хамтлаг Хөх хотын урилгаар аялан тоглоод ирлээ. 28 хүний бүрэлдэхүүнтэй манай багийнхан Хөх хотын Ахмадын холбоотой хамтран гала тоглолт хийсэн нь үзэгчдэд их таалагдсан. Хөх хотын Ахмадын холбоо нь 12 давхар барилгатай, ахмад настнууддаа зориулсан бүхий л сургалтууд нь тэндээ явагддаг юм билээ. Үндэсний бүх хөгжмийн сургалтуудаас гадна спорт, бие бялдрыг хөгжүүлэх бүх төрлийн сургалт нэг дороо төвлөрсөн нь тун оновчтой сайхан санагдлаа. Тухайн хот нь ахмадууддаа их анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого төлөвлөн ажилладаг юм байна.  Биднийг таатай хүлээн авч, 100 орчим уран бүтээлч ахмадууд нь хамтран тоглолт зохион байгуулсан.

 

-Цаашид хэрхэн хамтарч ажиллахаар болов?

 

-Ажил төрлийн холбоо тогтоох гэрээ байгуулсан. Тэр гэрээнд ганц Хөх хот биш, тэдэнтэй хамтарч бусад хотууд болон олон улсуудаар тоглох гэрээ юм. Гэрээг үндэслээд бид тоглолтоо чөлөөтэй зохион байгуулах боломж бүрдэнэ. Гэрээ нь удахгүй ирэх байх аа. Үүнийг манай Замын захиргаа, Зорчигч тээврийн алба маш сайн дэмжиж ажиллалаа. Бидний дараагийн ажлууд бол дээр дурдсан явган аяллаа хойд замд зохион байгуулж, наадмын өмнө, эсвэл хойхно ахмадуудын бэсрэг наадмыг зохион байгуулна. Замын-Үүдээс Сүхбаатар өртөө хүртэлх бүх ахмадуудаа хамруулна. 45 жилийн ойн тоглолтоо Ахмадын баяраар МҮЭСТО-нд зохион байгуулна. Энэ үеэр ахмадуудын гар урлал, нарийн ногоо, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гаргахаас гадна, ойн түүхэн ном хэвлэхээр ажиллаж байна.