Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг Олон улсын ахмадын өдөрт зориулсан УБТЗ-ын Ахмадын холбооны баярын хурал "Ган зам" паласт боллоо. Баярын хуралд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн оролцож, ахмадууддаа баяр хүргэж үг хэлэв. Тэрээр "УБТЗ-ын ахмадууд бол өнөөдрийн бидний амжилт ололтын үндсийг тавьсан ач буянтай бахархам гавъяатай хүмүүс юм. Бидний өнөөдрийн ололт амжилт бүрийн цаана ахмадуудын маань хөлс хүч шингэсэн байдаг. УБТЗ-ын яруу алдарт түүхийг арилшгүй алтан үсгээр бичсэн ахмадуудаараа энэ өдөр нийт төмөр замчид бид бахархаж, гүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийлье. УБТЗ-ыг хөгжүүлж бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан гавъяатай эгэл жирийн баатрууд болох ахмад үеэ хүндэтгэн халамжлах нь бидний үүрэг хариуцлага юм. Замын захиргаа ахмадын байгууллагаараа дамжуулан ахмадууддаа тавих анхаарал халамжаа улам сайжруулж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудалд нь урьдын адил анхаарч ажиллах болно" гэж хэллээ. Баярын хурлын үеэр зарим ахмадуудыг төр, засгийн болон УБТЗ-ын шагналаар шагнав. Баярын хурлын дараа ахмадууд өөрсдийн бэлдсэн концертоо тоглож сонирхуулав.