Нүүр Томилолт Төмөр замчид зуны тээвэрлэлтэд бэлэн үү
Томилолт

Төмөр замчид зуны тээвэрлэлтэд бэлэн үү

G.Press 1 жилийн өмнө 127 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын үзлэг Сүхбаатар хэсэглэлийн Хойт зөрлөгөөс эхэллээ. УБТЗ ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд болон бусад албад, хэлтсийн дарга нар, хяналтын байцаагчид болон МТЗ-чдын ҮЭХ-ын дарга Б.Алтанхуяг, Улаан загалмай хорооны ажилтан зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй үзлэгийн комисс ажиллалаа.

УБТЗ 2025 онд 34 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэхэд зуны тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулахаас голчлон хамаарах юм.

Хойт зөрлөгийн зам суманд муудсан дэр модыг түүвэрчлэн солих, баруун талаас 12-16 дугаар км-т торгүй байгаагаас мал орж галт тэрэг хоёр удаа зогссон. Мөн хүн зам дээр гарч ирснээр галт тэрэг яаралтай зогсоход хүрсэн тохиолдол ч гарсан байна. Өнгөрсөн онд 1000 метр тор татсан, энэ жил мал орсноос хойш 400 метр тор татах ажлыг хийж гүйцэтгэжээ. Их засвараар 8.4 км-т тор татах ажлыг  зайлшгүй хийх шаардлагатай аж. Уул хадтай урдаасаа гол тулчихсан зэрэг хүндрэл бэрхшээл байгаа ч үүн дээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авахыг анхаарууллаа. Хаврын хуурайшилтын үед үлээгч аппаратт байгаа эсэхийг хяналтын байцаагч асуухад “Шарын гол руу зурвас шатаахаар авч явсан” гэж хариулж байв. Эдгээр үл тохирол, дутагдлыг арилгахыг үүрэг болголоо.  

Сүхбаатар хэсэглэл эхний дөрвөн сарын байдлаар гологдол, дутагдалгүй, хилийн зогсолтгүй ажиллаж, Сүхбаатар-Наушки өртөөгөөр 914 галт хүлээн авч, 919 галт тэрэг хүлээлгэн өгчээ.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан галт тэрэг 11-ээр дутуу, хүлээлгэн өгсөн галт тэрэг 38-аар илүү байна. Ачилтын төлөвлөгөө эхний дөрвөн сарын байдлаар 105 хувийн биелэлттэй байгаа аж. Сүхбаатар хэсэглэл хөдөлмөрийн бүтээмжийг 31 вагоноор нэмэгдүүлж, өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 3000 төгрөгөөр бууруулж ажилласан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг бууруулах чиглэлээр эрсдэлийг үнэлсэн байна. Хэсэглэлийн хэмжээнд 5.2 буюу дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.  Үзлэгийн үеэр байцаагч нарын илрүүлсэн зөрчил дутагдлыг засах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч, хөдөлмөр зохион байгуулалт, хүний нөөцийн бүрдүүлэлт, ажил амралтын дэглэм, илүү цагийн асуудал зэрэгт анхаарч, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын дэглэмийг чанд сахиж ажиллахыг анхааруулав. Зангилааны аж ахуйн нэгж байгууллагууд үзлэгт сайн бэлтгэж, зуны тээвэрлэлтэд бэлэн байлаа.

Дулаан, Ерөө өртөө, зөрлөгийн зам, сум, холбоо дохиоллын системийг шалгаж, байцаагч нарын илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгахыг үүрэг болгож, тулгуур өртөөний зүгээс анхаарч ажиллах талаар чиглэл өгөв. Сүхбаатар хэсэглэлийг зуны тээвэрлэлтэд бэлэн гэж үзлээ.

 

Төмөр замчид тогтвор суурьшилтай ажиллаж, илүү цаг багасжээ

 

Орхон өртөө зуны тээвэрлэлтэд сайн бэлтгэжээ. Тус өртөөний дарга томилогдоод удаагүй ч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар осол, гологдол, дутагдалгүй сайн ажиллажээ. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хангахад анхаарч аймаг орон нутагтайгаа хамтарч 70.0 сая төгрөгөөр хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайг байгуулж тохижуулжээ.

Энхтал зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын системийг шалгаж, зуны тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнэв. Замчдын орон байрны нөхцөл муу байгаа нь ажилчдын тогтвор суурьшилд сөргөөр нөлөөлж байгааг замчид үзлэгийн комисст танилцуулснаар асуудлыг судалж шийдвэрлэх талаар холбогдох дарга нарт үүрэг болголоо.

Дархан хэсэглэл 2025 оны эхний улирлын байдлаар гологдол дутагдалгүй ажиллаж, 16557 вагон, 1076074 тонн ачаа ачиж, 6822 вагон буулгаж, 27.9 тэрбум тээврийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэсээ 8.1 хувиар илүү байна. Төмөр замын тулгуур өртөөдийн нэг Дархан зангилааны зуны тээвэрлэлтийн бэлэн байдлын шалгалтыг дүгнэж, байцаагч нар зааварчилгаа өгч, мөн Замын удирдлага холбогдох үүрэг даалгавруудыг өглөө. Тус зангилааны хувьд ажилтнуудын тогтвор суурьшил сайжирч, илүү цаг багассан зэрэг сайн үзүүлэлттэй. Олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим төмөр замчинд төрийн болон нийгэмлэгийн шагналыг гардуулсан. Шарын гол өртөөний зам сум, холбоо дохиоллыг шалгаж, төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлттэй танилцлаа. Тус өртөөний ачилтын төлөвлөгөөт үзүүлэлт 87.8 хувьтай байгаа нь уурхайн нүүрсний ачилт багассантай холбоотой аж. Үзлэгийн үеэр байцаагч нарын илрүүлсэн зөрчлийг яаралтай арилгах үүрэг өглөө. Олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан тус өртөөний жижүүр Д.Энхтайваныг “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагналаа. МТЗ-чдын ҮЭХ-ын дарга Б.Алтанхуяг, “Халамжийн тэтгэвэр тогтоолгож чадалгүй орхигддог асуудлыг шийдвэрлэнэ. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилладаг ажилтнуудад тулгамддаг асуудлын нэг нь. Төмөр замчид эрүүл мэндийн үзлэгт ордог. Галт тэрэгний хөдөлгөөнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч, тодорхой хугацаанд эмчлүүлдэг ч эрүүл мэнд сайжраагүй тохиолдолд цалингүй чөлөө авдаг.  Эсвэл  өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалдаг. Ердийн нөхцөлөөр группэд гарах тохиолдолд хувь хэмжээ нь хүрдэггүй. Бид мэргэжлээс шалтгаалах өвчнийг даатгалаас санхүүжүүлэх дүрэм журамд өөрчлөлт оруулах, холбогдох хоёр яамтай хамтран судалгааны ажил эхлүүлнэ. Тиймээс зарим тохиолдолд төмөр замчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлага гарах учир идэвхтэй оролцоорой” хэмээн зөвлөлөө.

Цайдам зөрлөгийг жишиг зөрлөг болгон тохижуулж, төмөр замчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулсан юм. Цаашид олон зөрлөгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бэлэндалай, Орхонтуул, Хангал, Улаантолгой зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын системийг шалгаж, эдгээр зөрлөг, замын хэсгүүд үзлэгт сайн бэлдэж, зуны тээвэрлэлтийг амжилттай сайн зохион байгуулах бэлтгэл ажлаа хангасан хэмээн үзэв. Улаантолгой зөрлөгийн зам сумын үзлэгээр илэрсэн зөрчлийг яаралтай засахыг анхаарууллаа. Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр нь замын их засварын ажилд шаардлагатай бетон дэрийг нийлүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Тус үйлдвэр нь замын их засварт шаардлагатай бетон дэр, гүүр хоолойн хийцүүдийг цаг хугацаанд нь нийлүүлж байна. Үйлдвэрийн удирдлага өмнөх үзлэгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, ХАБЭА-гийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. Үйлдвэрийн гол түүхий эд болох цемент, арматурын нөөц багасаж байгаад анхаарал хандуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Мөн үйлдвэрийн удирдлага ажилчдын хувцас угаах угаалгын машины асуудлыг шийдэж өгөх хүсэлт гаргасныг шийдэж өгөхөөр болов.

1998 онд тус үйлдвэрийн үйлдвэрлэж Дархан-Шарын гол хоорондын 35-36 дугаар км-ийн тахирт тавьсан бетон дэрийг 27 жилийн дараа зориулалтын тусгай төхөөрөмжөөр шалгаж үзэхэд бат бөхийн чанар алдагдаагүй, стандартын шаардлага хангасан гэж үнэлэгдсэн. Хөтөл өртөө зуны тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнэв.

Замын даргын үзлэгийн комисс Эрдэнэт өртөө, аж ахуйн нэгжүүдийн зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгалаа. Тус өртөө хэсэглэлийн хувьд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар гологдол дутагдалгүй ажиллаж байна.

Ачилтын төлөвлөгөө 102 хувийн биелэлттэй байгаа нь өмнөх оноос өссөн байна. Зэсийн баяжмал 77 вагоноор, ачилт 97 вагоноор өмнөх оноос өсжээ. Дээрх хугацаанд 15.9 тэрбум төгрөгийн тээврийн орлого оруулсан нь өмнөх оны мөн үеэсээ 2.1 тэрбум төгрөгөөр өссөн. Мөн тээврийн тариф нэмэгдсэн нь орлого нэмэгдэхэд нөлөөлжээ. Эрдэнэт хэсэглэл ХАБЭА-г бүрэн хангаж, осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Байцаагч нарын илрүүлсэн зөрчлийг яаралтай засахыг анхааруулж, Эрдэнэт өртөө хэсэглэл зуны тээвэрт бэлэн байна гэж дүгнэв.

Эрхэт, Баруунхараа, Бэрх зөрлөгийн зам сум, холбоо дохиолол, эрчим хүчний найдвартай байдлыг шалгалаа. Эдгээр зөрлөг зуны тээвэрлэлтэд бэлэн гэж дүгнэв. Бэрх зөрлөгт зөрчил илрүүлээгүй тул Замын удирдлага онцгойлон баяр хүргэсэн юм. Салхит өртөө, Замын VI анги, Үе угсрах бааз, ТҮГ, ВОХР болон нийгмийн салбарын байгууллагууд зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээг амжилттай сайн зохион байгуулах бэлтгэлээ хангасан байна гэж дүгнэв. Ачилтын төлөвлөгөөг 160.8 хувиар биелүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.1 хувиар өссөн байна. Замын даргын тушаалаар Үе угсрах баазын оператор Д.Алтанхуягийг “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр шагнаж, баяр хүргэв.

Вагон ашиглалтын депогийн харьяа Эрдэнэт Техник үйлчилгээний газрын дарга И.Мягмарцэрэн Замын даргын үзлэгт хариуцлагатай хандаж, Замын удирдлагад ажлаа дадамгай, чадварлаг илтгэдэг нэгэн. Энэ өдөр түүний хувьд онцгой гэдгийг илтгэх мэт одон медаль энгэрт нь гялалзаж, эрхэмсэг харагдаж байлаа. Учир нь тэрбээр 35 жил, арав дахь хоног дээрээ Замын даргын отгон үзлэгтээ бэлтгэсэн нь энэ ажээ. Олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, байгууллага хамт олноо манлайлан удирдаж ирсэн И.Мягмарцэрэн даргад Замын удирдлага талархал илэрхийлсэн билээ. 

 

Урсгал засварыг 115 вагонд хийж, нэг далд ноцтой гэмтэл илрүүлэв

 

Зүүнхараа өртөө энэ оны эхний улиралд 5050 тонн ачаа ачиж, ачилтын төлөвлөгөөг 181 хувиар биелүүлжээ. Мөн буулгалтын төлөвлөгөө 262 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол вагон явуулалт 239 хувьтай байна. Гэсэн ч тээврийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан байна. 2025 оны эхний улиралд 1484620 мянган төгрөгийн тээврийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 76349 мянган төгрөгөөр илүү байна. Тайлант хугацаанд 49489.90 мянган төгрөгийн балансын ашигтай ажиллажээ. Аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр зорчигчдын 90 хувь нь Түнх өртөөнд бууж байна. Зүүнхараа өртөө оны эхний дөрвөн сарын байдлаар гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллажээ. 2025 онд хэсэглэлийн хэмжээнд ХАБЭА-г хангах 35 заалт бүхий төлөвлөгөө гарган ажиллаж, энэ оны эхний улирлын байдлаар осол, осолд дөхсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн засвар үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Зүүнхараа ТҮГ нь 2025 оны эхний улиралд гологдол, дутагдал, ажлын алдаагүй ажиллаж, 1553 галт тэргэнд хяналтын үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 95 галт тэргээр илүү байна. Мөн урсгал засварыг 115 вагонд хийж, нэг далд ноцтой гэмтэл илрүүлжээ. Замын I ангийн XI хэсэг замын засвар, арчилгаа хийж, бүх бэлтгэлээ сайтар хангажээ. Зүтгүүрчдийн амрах байрны ажил үйлчилгээ хэвийн, хоолны амт чанар сайн байна. Зүүнхараагийн мод боловсруулах үйлдвэр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 3000 модны үрсэлгээ хийжээ. УБТЗ-ын салбар нэгжүүд мод авч тарьж байгаа. Тухайлбал, 300 ширхэг гацуур модны үрсэлгээг Баянтүмэн тасаг руу илгээх юм байна. Тус зангилааны нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ажил үйлчилгээ хэвийн байна. Үнэгт зөрлөг зуны тээвэрт бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэв. Зүүнхараа өртөө, аж ахуйн нэгжүүдийн ажил хэвийн байна гэж үзлээ.

Дохиолол холбооны II анги “Галт тэрэгний ойртолтыг дохиолох төхөөрөмж” шинээр бүтээснээ үзлэгийн комисст танилцуулав. Замчид зам дээр ажиллах үед сондгой болон тэгш чиглэлээс галт тэрэг ойртож байгааг мэдээлэх автомат төхөөрөмж нь замчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чухал ШБАЗ болжээ. Мөн Замын II ангийн I хэсгийн II тасгийн 290 дүгээр км-т амьдардаг замчид тэдний гэр бүлийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулж, замын ангийн зардлаар амрах байр, Замын хөрөнгө оруулалтаар халуун усны байрыг иж бүрэн тохижуулсан байна.

Түнх зөрлөгт аялал жуулчлал ихэссэнтэй холбоотойгоор зорчигч тээврийн урсгал нэмэгдэж байгааг харгалзан зөрлөгийн байрыг өргөтгөх асуудал хөндөгдсөн. Тус зөрлөг нь хоногтоо 300 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар дунджаар 2000 зорчигч ирж, буцдаг. Түнх зөрлөгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд зорчигчийн заалыг өргөтгөж, боловсон 00-ийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа талаар алба болон зангилааны удирдлага танилцуулав.

Мандал өртөө зуны тээвэрт бэлэн. Шатан зөрлөг он гарсаар хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллажээ. Дээрх хугацаанд 3581 галт тэрэг хүлээн авч явуулсан нь өмнөх оны мөн үеэс 770 галт тэргээр илүү байна. Мөн ХАБЭА-н талаар дутагдалгүй ажиллажээ. Тус хэсгийн зам сумын арчилгаа үйлчилгээг хариуцдаг Замын II ангийн I хэсгийн Л.Батсүх мастертай замчид зам сумын арчилгаа үйлчилгээг чанартай хийж үл тохиролгүй сайн ажиллажээ. Нэг ч зөрчил илрээгүй тул Шатан зөрлөгийн төмөр замчдад онцгойлон баяр хүргэлээ. Импортын нефть, нефтийн бүтээгдэхүүний 20 гаруй хувь нь буудаг Аршаант өртөөний зуны тээврийн бэлэн байдлыг шалгалаа. Тус өртөө энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1401 вагон буулгасан нь өмнөх оны мөн үеэс 32.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх хугацаанд буулгалтын төлөвлөгөөг биелэлттэй нь харьцуулж үзэхэд 175.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн гологдол, дутагдалгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ. Тус өртөөн дэх Техник үйлчилгээний хэсэг энэ оны эхний дөрвөн сард 12772 вагонд үзлэг хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 853 вагоноор илүү, нэг ч зөрчил илрүүлсэнгүй.

Ногоонтолгой зөрлөг энэ оны эхний дөрвөн сард 3973 галт тэрэг өнгөрүүлж, гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажилласан байна. Замын II ангийн III хэсгийн замчин УБТЗ-д тасралтгүй 20 жил ажилласан Ц.Вандандуламыг “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр шагнаж баяр хүргэв. Давааны зөрлөгийн төмөр замчид үзлэгт сайн бэлтгэснийг сайшааж амжилт хүслээ. Эмээлт зөрлөгийн замын хэсэг баллыг гурван нэгжээр хэтрүүлснийг анхааруулав.

Замын даргын үзлэгийн комисс Баянтүмэн, төв, урд хэсэглэлд үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.