УБТЗ-ын захиргаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний хэрэгжилтийн хүрээнд зээлийн орон сууцанд анх удаа хамрагдсан төмөр замчинд дөрвөн сая төгрөгийн мөнгөн тусламжийг олгодог билээ. Жил бүр олгодог энэхүү хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй төмөр замчид шаардлагатай материалаа бүрдүүлж, УБТЗ-ын ОСТК-д  өгснөөр тодорхой шалгуураар орж, шаардлага хангасан нь тухайн хөнгөлөлтийг эдэлдэг юм. 2022 онд нийт 180 төмөр замчин материалаа ирүүлснээс 52 нь дээрх хөнгөлөлтийн шалгуурыг хангажээ.  Ингээд шинэ оны босгон дээр тэдний төлөөлөл болгож төвийн бүсээс 32 төмөр замчинд “Батламж”-ийг нь гардуулав.

Энэ үеэр Ниймгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар “Ипотекийн орон сууцны зээлд анх удаа хамрагдсан төмөр замчиндаа үзүүлдэг нэг удаагийн мөнгөн дэмжлэгийг бид дөрөв дэх жилдээ үзүүлж байна. Юун түрүүнд энэ хөнгөлөлтийг хүртэж байгаа төмөр замчдадаа баяр хүргэе.  Замын захиргаа энэ хөнгөлөлтөд аль болох олон төмөр замчнаа хамруулахыг хүсдэг. Энэ ч утгаараа 2014 оноос өнөөг хүртэлх хугацаанд 1 тэрбум 188 сая төгрөгийг зарцуулсан байна. Ирүүлсэн материалаас 81 нь эхний шалгуур үзүүлэлтээс тунаж үлдсэн. Материалын бүрдэлт дутуу, хоорондоо харилцан уялдаагүй зэргээс шалтгаалж бусад материал нь хасагдсан гэсэн үг. Хоёрдугаар шатанд тус бүрд нь шалгуур оноо тавих байдлаар нэн шаардлагатай гэж үзсэн 50 төмөр замчныг шалгаруулсан. Шаргасан материалд анализ хийж үзэхэд 5-9 жил ажилласан 14, 10-14 жил ажилласан 25, 15-19 жил ажилласан ес, 20-оос дээш УБТЗ-д ажилласан таван хүн. Товчхондоо залуу төмөр замчид энэхүү хөнгөлөлтөд түлхүү хамрагдсан гэсэн үг. Эдгээрийн дотроос говийн бүсэд ажилладаг найм, төмөр замчин гэр бүл 23 байгаа нь 46 төмөр замчин энэ хөнгөлөлтийн үр шимийг хүртжээ гэж ойлгож болох юм. Хүүхдийнх нь тоогоор авч үзэхэд нэг хүүхэдтэй найм, хоёр хүүхэдтэй 19, гурван хүүхэдтэй 20, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй таван төмөр замчин хамрагдсан байна. Мөн гэр бүлд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг зургаан төмөр замчин энэхүү хөнгөлөлтийг авлаа” хэмээв.

Мөн үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа хөнгөлөлтөд хамрагдсан төмөр замчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ төмөр замчдын нийгмийн баталгааг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэх зорилгоор тухайн хөнгөлөлтийн тоо хэмжээ болон мөнгөн дүнг жилээс жилд нэмэгдүүлсээр ирснийг онцлоод ирэх жил байгуулах шинэ Хамтын гэрээгээр тухайн хөнгөлөлтийн мөнгөн дүнг нэмж 5 сая төгрөг болгохоор шийдвэрлэж буйг дурдав.