Нүүр Спорт Төмөр замчид ДАШТ-ий хос алтан медальтантай боллоо
Спорт

Төмөр замчид ДАШТ-ий хос алтан медальтантай боллоо

G.Press 6 сарын өмнө 120 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Гүрж Улсын Цибеле хотноо есдүгээр сарын 27-28-нд дэлхийн аварга шалгаруулах гараар татах хүчний тэмцээн болсон. Уг тэмцээний мастер болон насанд хүрэгчдийн нээлттэй ангилалд Монголын гараар татах хүчний холбооны гишүүн, Улаанбаатар татах хэсгийн “Хоёр загал” клубийн тамирчин, татах хэсгийн элс хатаагч Даваажавын Наранцэцэг оролцон хос алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ. Замын даргын үзлэгийн дүнгийн хурлын үеэр “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнуулсан түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм.

 

-Юуны түрүүнд дэлхийн аваргаас хос алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Ямар хоёр төрөлд нь оролцов?

 

-Баярлалаа. Би 45-50 насны мастер болон насанд хүрэгчдийн нээлттэй ангилалд оролцсон. Хоёр төрөлд алтан медаль хүртэж, эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга болсондоо баяртай байна. Мөн төрөлх байгууллагынхаа дээд шагнал “Төмөр замчны алдар” тэмдэг хүртлээ.

 

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

 

-2023 оноос гараар татах хүчний спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Тэр жилдээ цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний хүрэл медалийн эзэн болж их урамшсан. Өнгөрсөн онд улсын болон цомын аваргын хос мөнгөн медаль хүртэж амжилтаа ахиулсан. Улмаар энэ онд улсын болон цомын аваргын хос алтан медалийн эзэн болсноор дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.

 

-Дэлхийн аваргын дэвжээ улсын аваргынхаас мэдээж “том” биз?

 

-Үнэхээр өөр, дэлхийн дэвжээ гэж бодохоор сүрддэг юм билээ. Хэл мэдэхгүй болохоор шүүгчийнхээ дохио зангааг ойлгох гэж их тэвдсэн. Гэхдээ дүрмээ мэдэж, сэтгэлзүй тайван байсан болохоор ямар ч асуудал гараагүй л дээ.

 

-Хэдэн кг-ын жинд, хэдэн кг-ыг өргөөд дэлхийн аварга болов?

 

-Би -67.5 кг-ын жинд өрсөлдсөн. Тэмцээн дээр 41 кг-ыг өргөж дэлхийн аварга болсон. Анх 2023 оны цомын аваргад 27.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байлаа /инээв/. Харин энэ онд улсын болон цомын аварга шалгаруулах тэмцээн дээр 40 кг-ыг өргөсөн. Цаашид амжилтаа ахиулна гэсэн зорилго тавьсан. 

 

-Өмнө нь өөр спортын төрлөөр хичээллэж байв уу?

 

-2019 оноос фитнесээр тогтмол хичээллэж эхэлсэн. 2023 онд Өвөрхангай аймгийн модон барилдааны тэмцээнд дэд байрт орж мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жил Архангай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

 

-Гараар таталтын спортын зэрэг, цол гэж байдаг биз дээ?

 

-Энэ спорт манай улсад 2019 оноос хөгжиж эхэлсэн. Холбоо байгуулагдаад удаагүй байна. Тийм болохоор эмэгтэйчүүдийн спортын цол, зэргийг 2026 оноос өгөхөөр яригдаж байгаа. Эрэгтэй тамирчдын спортын цол, зэргийг энэ жилээс олгох юм билээ. Холбооноос гараар татаж, өргөх норм нормативыг энэ жилээс гаргасан.

 

-Үндсэн ажлын хажуугаар бэлтгэлээ хийх амаргүй байх. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

 

-Ээлжийн ажилтай болохоор амарч байх хугацаандаа бэлтгэл хийдэг. Байгууллага, хамт олны зүгээс ч их дэмждэг. Дэлхийн аваргын тэмцээнд явахад мастер маань бэлтгэл хийх хэд хоногийн чөлөө олгоход нь маш их баярласан.

 

-Танай байгууллагад энэ спортыг сонирхон хичээллэдэг өөр залуус байна уу?

 

-Байгаа, залуус сонирхож эхэлж байна. Татах хэсэг маань “Хоёр загал” фитнес клубтэй болохоор спортоор хичээллэх залууст маш дэмтэй байдаг. Бид Д.Хүрэлбаатар багшийнхаа удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

 

-Та аль нутгийнх вэ?

 

-Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, өссөн. Манайх хүчит бөхчүүдийн өлгий нутаг шүү дээ. Тиймээс нутаг усаараа их бахархдаг.

 

-Одоо ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

 

-Ирэх онд манай улсад Евро-Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болсон. Тэр тэмцээнд бэлтгэж байна. Энэ ташрамд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Замын захиргаа, байгууллага болон нийт төмөр замчдадаа талархал илэрхийлье. Мөн танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье ээ.

 

-Баярлалаа, танд бас ажлын болон спортын их амжилт хүсье!

 

 

М.Наранболд

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.