Англи хэл, математик гэхчилэн ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна дуу, хөгжим, бүжиг зэрэг урлагийн цөөнгүй төрөл, жүдо, таэквандо гэх мэт спортын сургалтуудаас бүрдсэн олон дугуйлантай Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын Соёлын ордныхон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажилласнаар төмөр замчдын хүүхдүүд дээрх дугуйлан, сургалтуудад хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломж бүрдсэн таатай мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус Соёлын ордны удирдлагууд өнгөрөгч долоо хоногт УБТЗ-ын Эцэг эхийн зөвлөлтэй уулзалт зохион байгуулж, төмөр замчдын хүүхдүүдэд зориулсан олон талт сургалт, дугуйлан, чөлөөт цагийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг дэмжих зорилгоор урлаг, спорт, хэл, бүтээлч сэтгэлгээ зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй хөтөлбөрүүдийг бий болгох талаар санал солилцжээ. Ингээд бид Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын Соёлын ордны дарга С.Мөнхзаяатай дээрх асуудлаар тодруулах ярилцлага авснаа хүргэж байна.
-Юуны өмнө манай төмөр замчдын хүүхдүүдийн боловсролд дэмжлэг болох таатай сайхан боломжийг бэлэглэж байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. Замчдын хүүхдүүд танай сургалтад хамрагдахад тавигдах тусгай болзол шаардлага гэж байгаа юу?
-Зөрүүлээд танай хамт олонд ч бас талархал илэрхийлье. Аливаа ажил санаачлага хоёр талын хүчин чармайлтаар л үр дүнд хүрдэг. Бид хэдийгээр бүсчлэл харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг ч, манай дүүрэгт төвлөрөн оршдог УБТЗ хэмээх том айлаа хамгийн түрүүнд бодолцож, замчдынхаа үр хүүхдүүдэд илүү боломж олгохыг л зорьсон юм аа. Нийслэлийн есөн дүүргээс Хүүхэд залуучуудын соёлын ордонтой ганц дүүрэг нь Баянгол. Манайх дүүргийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар бөгөөд хүүхэд багачуудынхаа ирээдүйд хөрөнгө оруулах зорилттойгоор үйл ажиллагаа явуулдаг. Харин төмөр замчдынхаа хүүхдүүдийг бид сургалтын тогтсон тарифаас даруй 20 хувь хямдруулан урамшуулахаар боллоо. Энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд хүүхдүүдийн аав, ээжийнх нь нэг төмөр замд ажилладаг байх нь л гол болзол шаардлага юм даа. Манай сургалтын төвүүдийн үүд хаалга замчдын хүүхдүүдэд үргэлж нээлттэй.
-Дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь юу вэ?
-Хүн бүхний мэддэг “Монголын хүүхдийн ордон”-той л адил сургалт, хөгжлийн газар шүү дээ. Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордон нь дүүргийнхээ 34 хорооны 6-18 насны 62.000 гаруй өсвөр үе, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулагдсан, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа байгуулага юм. Дээр хэлсэнчлэн бид сургалтын үйл ажиллагаагаа зөвхөн дүүргийн хэмжээнд биш харьяа ойрхон байршилтай дүүргийн хүүхэд залуучуудыг ч бүсчлэл хамаарахгүй хамруулдагаараа онцлогтой.
-Та бүхний үйл ажиллагаанаас бидний хувьд анхаарал татаж байгаа нь хүүхэд хөгжүүлэх сургалт дугуйлангууд байна л даа. Ер нь нийт ямар чиглэлээр хэдэн дугуйлан хичээллэж байна вэ?
-Манай ордон 2025-2026 оны хичээлийн жилд боловсрол, урлаг, соёлын чиглэлээр нийт 18 төрлийн сургалт дугуйланг хичээллүүлж байна. Бүр тодорхой дурдвал, англи, герман, солонгос, монгол хэл, математик, шатар, драм тайзны яриа болон илтгэх урлаг, утга зохиол, монгол хүний эрдэм, морин хуур, гитар, төгөлдөр хуур, амьд хөгжмийн анги, арт дизайн, дуу, бүжиг, жүдо, олимпийн таэквондо, холимог тулааны сургалтуудтай. Мөн 2024-2028 оны дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн хөгжлийн талаарх олон ажлыг стратеги төлөвлөгөөндөө тусган шат дараатай хэрэгжүүлээд явж байна. Эдгээр ажлын нэг болох УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаарх хамтран ажиллах Санамж бичгийг 2025 оны зургадугаар сарын 12-ны өдөр байгуулсан билээ. Харин өнгөрөгч долоо хоногт болсон хамтын уулзалтын үр дүнд өнөөдрөөс л жинхэнэ утгаараа бодит ажил хэрэг болон хэрэгжих гэж байна.
-УБТЗ-ын Эцэг эхийн зөвлөлтэй хийсэн уулзалтаар хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлуудаасаа дурдвал?
-Энэхүү уулзалтаар эхний ээлжинд 2025-2026 оны хичээлийн жилд Төмөр замын хүүхдийн секторын харьяа сурагчдын дотуур байранд амьдарч, сурч буй аймаг, орон нутгийн төмөр замчдын хүүхдүүдийг ордны сургалт, дугуйланд шат дараатай хамруулахаар боллоо. Хүүхдийн боловсрол төдийгүй тэдний үндэсний ухамсар, ирээдүйн үнэт оршихуйг төлөвшүүлэх "Монгол хүний эрдэм" цогц төсөл хөтөлбөрийг ч хэрэгжүүлнэ. Мөн нийгмийн тэгш боломжийг хангахад бодитой дэмжлэг болох үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төмөр замын харьяаллын цэцэрлэгийн багш нар болон ажилчдын хүүхдүүдэд цахим сургалт зохион байгуулна гэж тохиролцсон. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцоо хөтөлбөрт хамруулах зэрэг олон талт ажлыг хийх талаар албажуулж, хамтарч ажиллах үйл ажиллагаагаа эхлүүллээ. Уулзалтад найман аймгийн 32 сумдад байрлах төмөр замын бүсчлэлийн салбар байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн ахлагч нар цахимаар хамтран оролцсон нь ихээхэн өгөөжтэй зүйл байв. Уулзалтын үеэр, шинээр хэрэгжиж буй "Монгол хүний эрдэм" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тус ордны багш, философийн ухааны доктор Ж.Батзаяа хөтөлбөрийн талаарх мэдээллийг олгож, цаашид бүсчлэлд оруулж илүү өргөн хүрээтэй хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан.
-Монгол хүний эрдэм” гэдэг нэг хөтөлбөр ахин дахин дурдагдаад байгааг тодруулан тайлбарлаад өгч болох уу?
-Хүүхэд, залуусын оюуны хөгжил, ёс суртахуун, монгол хүний төлөвшил, хүмүүжлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготой “Монгол хүний эрдэм” сургалт нь монгол уламжлал, түүхэн үнэт зүйлсийг орчин үеийн шинжлэх ухаанч арга зүйтэй хослуулсанаараа онцлог манай шинэ хөтөлбөр байгаа юм. Өнөө цагт хүүхдүүд маань технологийн дэвшлийн давуу талыг ашиглан гадны соёлын нөлөөг хангалттай хүртэж байгаа ч уугуул монгол соёл, язгуур уламжлалаа мартагнахад хүрээд байгааг бид анзаарч энэ хөтөлбөрийг боловсруулсан. Өөрийгөө таних, бусдыг ойлгох, хамтран ажиллах чадвар суулгах, орчин үеийн нийгмийн өөрчлөлт, дэлхийн өрсөлдөөн дунд монгол хүн өөрийн язгуур үнэт зүйлээ хадгалан хөгжих хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарсан учраас энэ хөтөлбөрөө бид олон талт судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд залуус зөв үнэт үзэл, зөв зан төлөв, зөв хандлагатай өсөж төлөвшихөд туслах, ёс суртахуун, мэдлэг, ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэнцвэрийг зэрэг хөгжүүлэх зорилготой цогц хөтөлбөр гээд ойлгочиход болно.
-Их чухал хөтөлбөр байна шүү…
-Энэхүү чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг Хүүхэд залуучуудын соёлын ордон зөвхөн дотооддоо бус гадаадын улс орон амьдран суугаа Монгол иргэдийн хүүхдүүдэд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Канад улсын Торонто хотын Монгол соёлын төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна. Мөн БНСУ, ХБНГУ-тай хамтран ажиллах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн. Цаашид гадаад хамтын ажиллагаагаа улам тэлэх зорилттой. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол хүүхдүүдэд монгол хүний язгуур эрдмийг түгээх нь хамгийн үнэт хөрөнгө оруулалт юм. “Монгол хүний эрдэм” төсөл хөтөлбөр нь гадаадад оршин суугаа Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд өндөр боловсрол эзэмшээд эх орондоо эргэн ирэхэд, дэлхийн хаана ч байсан “монгол хүн” гэдэг үнэт зүйлийг хамгаалан хадгалах ёс зүйтэй иргэнийг нийгэмд хүлээж авахад тодорхой үүргийг гүйцэтгэсэн дэмжсэн төсөл хөтөлбөр байх болно. Энэхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон ажлууд нь төмөр замчдын гэр бүлд зориулсан нийгмийн хамгаалал, өсөлт хөгжлийн бодит дэмжлэг болоосой гэж хүсэж байгаагаа бид танай сониноор дамжуулан уламжилъя.
-Манай урилгыг хүлээн авч, төмөр замчдад маань хэрэгтэй мэдээллийг харамгүй хуваалцсан танд баярлалаа. Та бүхний зорилт, ажилд өндөр амжилт хүсье.
-Их баярлалаа. УБТЗ-ын хамт олон манайхтай хамтран төмөр замчдынхаа үр хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт болох гэгээлэг санаачлагыг хамтран хэрэгжүүлж байгаад бид талархаж байна.
Б.Занданхүү
