Хүмүүн бид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд аж төрдөг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөнөөс суралцаж, өнөөдрийг бүтээж, маргаашид бэлтгэгддэг нь хүний орчлонгийн жам билээ.
Улаанбаатар зангилаанд нэгдүгээр сарын 29-ний өглөө эртлэн уламжлалын дагуу одон тэмдгээ зүүсэн ахмад төмөр замчид, оргилсон хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу төмөр замчид, энэ цагийн тулах багана болсон идэр үеийнхэн “Evento ballroom”-д чууллаа.
Энэ удаагийн төвийн бүсийн гурван үеийн уулзалт Залуучуудын төв байгууллагын 10 жилийн ойн өдөртэй давхцаж байснаараа ихээхэн онцлог байсан юм. 2016 оны нэгдүгээр сарын 29-нд Дархан зангилаанд төмөр замчин залуус энэ байгууллагын тулгыг тулж, анхны дүрмээ баталж байжээ. Тиймээс Залуучуудын төв байгууллагынхан уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, чамбай зохион байгуулахыг хичээсэн нь илт байлаа.
Зөвлөгөөнд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга, Залуучуудын төв байгууллагын анхны буюу хүндэт тэргүүн М.Цогт, Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр, Замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, МУСГЗ Л.Сэнгээ тэргүүтэй хүндтэй зочид хүрэлцэн ирснээс гадна УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гишүүн Б.Цогтгэрэл, ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.С.Акулова нар хүрэлцэн ирсэн нь уулзалтын ач холбогдлыг улам өргөв.
Уулзалт зөвлөгөөн “Алсын хараа” сэдэвт Залуучуудын төв байгууллагын сургагч багш Ж.Нацагдорж инженерийн сургалтаар эхлэв. Үүний дараа Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан 2025 оны тайлангаа тавьж, Замын орлогч дарга М.Цогт УБТЗ ХНН-ийн 2025 оны ажил үйлс, амжилт ололт, ойрын болон хэтийн зорилтын талаар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн, УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр хэлсэн үгэндээ “УБТЗ-ын хүний нөөцийн бодлого хэзээнээсээ мерит зарчмаар явж ирсэн. Би УБТЗ-д 40 жил ажиллаад гавьяаны амралтад гарсан. Одоо ахмадуудтайгаа ажиллаж байна. Миний өмнөх үеийн болоод надтай хамтран зүтгэж байсан ахмадууд энд сууж байна. Намайг төмөр замд ид зүтгэж явахад дөнгөж ажил амьдралын гараагаа эхэлж байсан залуус УБТЗ-ын өнөөгийн удирдлагын багт ажиллаж байна. Тэгэхээр төмөр замчид аргагүй алсын хараагаа зөв тодорхойлжээ гэж харж байна” хэмээн онцолсон юм.
“Төвийн хэсгийн төмөр замчдын хөгжлийн бодлого-санал шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцсон хүмүүсийн хэлсэн үгнээс товчлон хүргэе.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш МХЗЭ-ийн хойчийг залгамжлан гарч ирсэн өдгөө 10 жилийн ойтойгоо золгож буй Залуучуудын төв байгууллагыг тэр үеийн жишгээр идэвхтэй зүтгэлтэй ажиллаж байна гэж товч бөгөөд тодорхой дүгнэсэн юм..
Түүнчлэн, УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл “УБТЗ-ын Ерөнхий хороо залуучуудын талаар ямар бодлого баримтлан ажилладаг вэ?” гэх асуултад “УБТЗ-ын Ерөнхий хорооноос залуучуудын талаар баримталдаг бодлого тодорхой байдаг. Ерөнхий хороонд хэн асуудлаа сайн тавьж чадна. Тэд л шийдүүлж чаддаг. Төмөр замын залуучууд асуудлаа дэвшүүлбэл шийдвэрлүүлэх боломж бүрэн дүүрэн бий” гэв. Мөн энэ ташрамд УБТЗ-ын Залуучуудын байгууллагын анхны чуулганд оролцож энэ байгууллагыг байгуулахад 1.5 сая төгрөгийн хандив өргөсөн дурсамжаа ч хуучилсан билээ.
Улаанбаатар зангилааны дарга Б.Удамбуян УБТЗ-ын шагнал болоод сахилгын шийтгэлийн талаар өөрийн сэтгэгдлийг хэлэхдээ “Шагналын журам шинэчлэгдсэнээр ахмадууд болон одоо ажиллаж байгаа төмөр замчдыг шагнахад ажилласан жилээс нь хамааран тодорхой бөгөөд илүү боломж нээгдсэн гэв. Харин сахилгын шийтгэлийг эргэн харах хэрэгтэй. Алдаа дутагдал гаргасан залуу төмөр замчдад шууд сахилгын шийтгэл ногдуулдаг нь тэдний урам зоригийг мохоодог. Мөн залуу ажилтнуудыг өлгийдөж авах байдал байгууллага болгонд харилцан адилгүй байна. Ялангуяа, дунд шатны ажилтнууд залуу ажилтнуудыг хүлээж авч, тогтвортой ажиллуулахад анхаарал хандуулж тэднийг сайхан угтаж авч байх хэрэгтэй. Залуу ажилтан тогтвортой ажиллахад байгууллагын уур амьсгал, ахмад дунд үеийнхний харилцаа хандлага ихээхэн нөлөөлдөг шүү” гэхэд уулзалтад оролцогчид түүнтэй санал нэгтэй байгаагаа алга ташилтаар илэрхийллээ.
Мөн “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн, МУСГЗ Л.Сэнгээ УБТЗ-ын түүх, урлаг соёлтой салшгүй холбоотойг ярианыхаа эхэнд дурдаад “Төмөр замын сэдэвтэй 1000 шахам шүлэг яруу найраг, 300 шахам дуу, 20 шахам тууж, гурван роман, 10-аад уран сайхны кино бий. Төмөр замын сэдэвтэй хамгийн анхны дорвитой уран бүтээл бол “Ган зам” дуу хэмээгээд Дуу төрсөн сонирхолтой түүхийг хуучиллаа. Мөн төмөр замчдын гадаад дотоодын урлаг соёлын тэмцээн уралдаанд ямар амжилт гаргаж байсан талаар тоо баримт дурдан сонирхолтой мэдээлэл хийв.
Хэлэлцүүлгийн үеэр Р.Раш “Ахмад залуу үеийнхний хамтын ажиллагааг бэхжүүлэх сайхан уламжлал тогтсонд баяртай байна. Өнөөдөр манай залуучууд жам ёсоор ажлын ихийг нугалж, ачааны хүндийг нуруундаа үүрч зүтгэж байна. Манай ахмадууд бид тухайн цаг үедээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байсан олон хүн энд хүрэлцэн иржээ. Сайхан байна. Бид ойрын жилүүдэд үзээгүй онцгой хүйтэн өвлийг саяхны хэд хоног амсаж давлаа. Тэр хүйтэн өдрүүдийг төмөр замчин залуучууд цан хүүрэг татуулан амжилттай давж гарлаа. Ахмад үеэ төлөөлөн та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Төмөр замын нийгмийн байгууллагууд, юун түрүүнд хүүхдийн цэцэрлэгүүдийг хурааж авах тухай яриа нэлээд явлаа. УБТЗ-ын энэ бүтэц хуучин Оросын төмөр замын жишгээр байгуулагдсан ч Монгол орны жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай өргөн уудам газар нутгийн онцлогт зохицсон бүтэц байгаа юм. Эцэг нь машинч, эх нь вагоны үйлчлэгч, хоёулаа томилолтоор явчихсан үед хүүхдүүдийг нь хэн харж байна. 24-ийн цэцэрлэг шүү дээ. Төмөр замын худалдааг байхгүй болголоо гэж бодъё. Худалдаа үйлчилгээнээс хол шугам замын жижиг зөрлөгийн замчид нэгийгээ явуулж хоол хүнсээ базаана биздээ. Гай газар дороос гэж яг тэр үеэр нь сумын гэмтэл саатал гаръя гэж төсөөлөхөд сумын шор солиход замын мастераар ахлуулсан зургаан хүн заавал байх ёстой. Нэг нь хот руу явчихсан. Гай болоод нэг нь гараа хавчуулчихлаа гэхэд л галт тэрэг саатах, үүнээс цааш өдий төдий зүйл болно. Нийгмийн асуудал үйлдвэрлэлийн асуудал хоёр ингэж холбогддог юм. Төмөр замчдын амьдрал, ажил мэдэхгүй зарим нөхөд барууны орнуудын жишиг гэж үлгэр ярьдаг. Үүнийг би ХНН-ийн Ерөнхий хороо ялангуяа Монголын талын гишүүд анхааралдаа авч байгаа нь би туйлын сайн зүйл гэж бодож байна. Замын захиргаа төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг ямар л боломж байна, тэр бүгдийг бүрэн дүүрэн ашиглахын төлөө ажиллаж байгаа гэж би ойлгодог. Эцэст нь, өглөө сэрэхэд илчит тэрэгний дуут дохио хангинаж, найруулагчийн шүгэл тасхийж, өртөөний жижүүрийн дуу чанга яригчаар сонсогдож байх нь “Ган зам” дууны аялгуу шиг намайг хөглөдөг шүү. Ган зам зурайж, галт тэрэг жирийж байх болтугай. Хамгийн гол нь төмөр замчдын санаа сэтгэл тайван сайхан, ямар нэгэн юманд сэтгэл нь донсолсон, яадаг бол ийдэг бол гэсэн түгшүүргүй байх юм бол ажил үйл цаагуураа заяа завагт гэдэг шиг бүтнэ дээ” гэлээ. Буурал даргын чин сэтгэлийн энэ үгс тэнд хуран чуулсан олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, ажил мэргэжлийн бахархлыг нь асаасан танхим дүүрэн цугласан олны алга ташилтаар илэрхийлэгдлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд “Дурсамжийн галт тэрэг” аялсан билээ. Энэ үеэр цахилгааны хязгаарлалт таарсан хэдий ч уулзалтад оролцогчид үүнд огтхон ч ундууцсангүй. Микрофонгүй ч тэд сэтгэлийн мухардах гэрэлт дурсамжаа хуваалцаж, бусад нь амьсгаа даран чагнаж байлаа. Ийнхүү тэнд цугласан 500 шахам нас насны төмөр замчид сэтгэл зүрхээрээ нэгэн цул байгаа нь гайхалтай байв.
Ахмад төмөр замчин Ч.Бадарч: Залуучуудын байгууллага 10 жилийн ойгоо тэмдэглэж, гурван үеийн уулзалтаа хийж байгаад талархалтай байна. УБТЗ-ын Залуучуудын байгууллагын түүчээ болсон Эвлэлийн байгууллагынхаа төлөөлөл болж ирсэн бид өнөөдрийн залуучууддаа тэргүүлж байгаа манлайлж байгаа ажилд нь улам их амжилт хүсье гээд уулзалтад оролцогчдод мэхийж хүндэтгэлээ илэрхийллээ. Мөн тун ажил хэрэгч санал дэвшүүлсэн билээ. Товчхондоо, УБТЗ-ын мэдээлэлжүүлэлт, автоматжуулалт хоёрын хөгжил диспетчерийн төвлөрүүлэлтийн төвшинд хүрсэн. УБТЗ тээвэрлэлтийн удирдлагын төвийг зохих ёсоор нь байгуулаагүй байна. Хэрэв байгуулбал, дэд бүтцийн салбарынхан буюу тээвэр, холбоо, зам, цахилгааныхан нэгдсэн шуурхай ажиллагаатай болно. Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүдээ бэлтгэх ажил хоцорч байгааг сануулав. Мөн автоматжуулалтын программистууд, мэдээлэлжүүлэлтийн инженерүүд хоёр тусдаа бүтэцтэй байгааг нэгтгэх ёстой. ТЗИС-д энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэх ёстой” гэх зэргээр мэргэжлийн хүний хувьд санаж бодож яваа зүйлсээ хуваалцлаа. Мөн залуу төмөр замчдаас ипотекийн зээлд хамрагдаж орон сууцтай болоход хамгийн багадаа 40-50 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх шаардлага үүсдэг. Гэтэл орон сууцны урьдчилгаа цуглуулахад маш хүндрэлтэй байна. Хоёрдугаарт, эбль системд зөвхөн бага тушаалын ажлын байрны зар тавигдаж байна. Яагаад аж ахуйн нэгжийн дарга, ерөнхий инженер, орлогч дарга зэрэг удирдах шатны ажлын байрны зарыг тавьж болохгүй байна вэ. Удирдах шатны ажлын байрны сонгон шалгаруулалтыг шилэн болгож болох уу гэх асуудлыг дэвшүүлж байв. Түүний асуултад УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт дэлгэрэнгүй хариулт өгсөн билээ.
Дурсамжийн галт тэрэг аялах үеэр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш Ахмад дайчин, эх оронч, Толгойт өртөөний сэлгээний машинч асан Навааны Кампаан агсныг дурсаж, Батлан хамгаалах яамнаас түүнийг “Улсын баатар” цолоор нэхэн шагнуулахаар хөөцөлдөж буйг дуулгалаа. МУСГЗ Л.Сэнгээ ч Ахмад дайчин, эх оронч Н.Кампаан болон төмөр замын ахмад дайчидтай хамт сонины редакцийн хамт олон Жанчхүүгийн даваа хүртэл аялж байсан тухайгаа хуучиллаа. Ийнхүү олон хүн өнгөрсөн он жилүүдийн дурсамжаа хуваалцаж, тэнгэрт одсон эрхэм хүмүүсээ хүртэл дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн халуун дулаан уур амьсгал дунд “Дурсамжийн галт тэрэг” аялсан билээ.
Хэдий уулзалтын төгсгөл хэсэг цахилгаангүй үргэлжилсэн ч хэн нь ч тарах гэж яарсангүй. Арга хэмжээ өндөрлөтөл саатаж, сэтгэлийг үгсээ хуваалцсан нь оролцогчдын сэтгэлд үгүйлэгдэж байсан орон зайг олж мэдэрсэн сайхан үйл ажиллагаа болсныг илэрхийлэл байсан билээ. Энэ удаагийн уулзалтад Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан, Зорчигчийн вагон депогийн дарга Ч.Мөнхбат нар ээж нартайгаа гурван үеийн уулзалтад оролцож байгаагаа онцолж байлаа.
Төмөр замчид ахмад буурлуудын амьдралын түүх, ажлын туршлагаас суралцаж, идэр үеийнхний эрч хүчээр, хойчийг залгах залуусын хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөнөө арав дахь жилдээ Замын хэмжээнд ийнхүү амжилттай зохион байгуулж дууслаа.
Б.Гүнжээ
