Нүүр Бүтээн байгуулалт “Төмөр замчдын ногоон төгөл” модны музей болно
Бүтээн байгуулалт

“Төмөр замчдын ногоон төгөл” модны музей болно

G.Press 12 цагийн өмнө 16 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн Бямба гарагт Багахангай өртөөний 503 дугаар км-т буюу “Төмөр замчдын ногоон төгөл”-д ЗТЯ-ны хамт олон болон УБТЗ ХНН-ийн зарим орлогч дарга нар, алба, хэлтэс, салбар нэгжийн удирдлагууд, Залуучуудын төв байгууллагын төлөөлөл хамтран мод тарилаа.

Дээрх үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сая мод тарих амлалт авсан УБТЗ ХНН-ийн хамт олон өдгөө 11 газар, гурван үржүүлгийн талбайд нийт 418 мянган мод тариад байна. Эл үйл ажиллагааны нээлтийн үеэр ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ УБТЗ-ын хамт олон мод тарих үйлсэд  салбарынхаа тэргүүн эгнээнд явааг онцолж байлаа. Түүний дурдсанаар зам тээврийн салбарынхан нийт 848000 мод тариад байгаа бол үүний 418000 модыг УБТЗ ХНН-ийн хамт олон тарьсан гэж тодотгов. Түүнчлэн эл өдөр мод тарьж буй “Төмөр замчдын ногоон төгөл” нь Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын дэргэд байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, Зам тээврийн яамны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн гэлээ.

Мөн Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд төмөр замчидтай 16 дахь жилдээ энэ төгөлд мод тарилцаж байгаа гэдгээ ярьж байлаа. А.Сүхбат дарга төмөр замчин залуус анх дүүргийн нутаг дэвсгэр дээр нь ногоон төгөл бий болгох санал тавихад дэмжиж, ямагт хамтран оролцдогт залуус маань үргэлж талархаж байдаг билээ. Харин тэрбээр төмөр замчдын энэ үйлсийг дүүрэгт нь төдийгүй байгаль эх дэлхийд өгч буй “том бэлэг” гэж тодорхойлно юм.  

УБТЗ-ын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төлөөлөл болон Залуучуудын төв байгууллагаас 20 гаруй залуус мод тарих ажилд ирж оролцсон билээ.

Энэхүү төгөлийг анхлан санаачилсан УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга, техникийн ухааны доктор /Ph.D/  М.Цогт мөн сэтгэгдлээ хуваалцлаа.

-Төмөр замчин залуус анх энд 30 мянган модтой төгөл бий болгоно гэсэн хүсэл мөрөөдлөөр мод тарих ажлыг 2012 онд эхлүүлж байлаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээр энэ ажил улам өргөжин хүрээгээ тэлж, өнөөдрийн байдлаар энэ ногоон төгөлд 15 нэр төрлийн 118000 мод ургаж байна.

Бид энэ 10 га газарт моддыг төрөлжүүлэн тарьж байгаа. Цаашид энэ талбайдаа хуш, заг мод тарина гэж төлөвлөж байна. Тэгвэл энэ төгөлд ирсэн хэн ч Монгол Улсад ургадаг модны төрөл зүйлүүдийг нэг дор харж, таньж мэдэх боломжтой “Модны музей”-г болно гэв.

Анх төмөр замчин залуусын 30 мянган мод тарих зорилго өнөөдөр төлөвлөснөөсөө дөрөв дахин давчихсан яваа нь бахархалтай. Энэ төгөлд навчит, шилмүүст моддоос гадна жимсний модод ч бий. Чацарганы модод алсаас шаргалтан үр жимсээ дааж ядан байгаа харагдана. Замын захиргаанаас мод тарих үйлсийг дэмжиж мод үржүүлгийг Зүүнхараагийн мод боловсруулах үйлдвэрт өргөн хүрээтэй хийж буй билээ. Энэ өдөр тарьсан модны тарьцуудыг Зүүнхараагийн мод боловсуулах үйлдвэрийн үржүүлгийн талбайгаас илгээжээ. Мөн тус талбайд усалгааны систем хийснээр сүүлийн жилүүдэд модны ургалт эрс сайжирсан байна.  Ер нь, тус талбайд нийт тарьсан моддын ургалт 85-аас дээш хувьтай төдийгүй тарьсан мод болгоныг бүртгэлжүүлэх болжээ. Төмөр замчдын ногоон төгөлд мод тарьсан хүн бүр өөрийн тарьсан моддын ургалтаа цахимаар хянахаас гадна урин дулааны улиралд зорьж ирэн усалж байхыг Замын хэмжээнд “Тэрбум мод” төслийг хариуцан ажиллаж буй Замын II ангийн ойн техникч Ө.Мөнхзаяа уриаллаа.

“Төмөр замчдын ногоон төгөл”-ийн 10 га талбайн 80 хувьд нь мод тарьсан байна. Үлдсэн талбай моддоор дүүрч, энэ талбайд хүүхдүүд модод сүлжин гүйж, хос залуус зугаалдаг сайхан газар болох болтугай.

Багахангай бол хангай говийн зааг дээр байдаг онцлог нутаг. Ийнхүү байгальдаа бэлэг барьсан зам тээврийн салбарынхан урам зориг дүүрэн буцацгаалаа. Нэг мод тарих нь мянган зул өргөсөнтэй тэнцэх буян гэх юм билээ.

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрч, Монголын тал нутагт хүний гараар бүтсэн ой шугуй олон болох болтугай!

 

Б.Гүнжээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.