Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБТЗ ХНН дөрвөн сая мод тарихаар болж, салбар нэгжүүд Замын захиргааны шийдвэрээр жил бүр мод тарьж буй билээ. Энэ дагуу Хангай-Багахангай хоорондын замын 503 дугаар км дэх “Tөмөр замчдын ногоон төгөл”-д өнгөрсөн Бямба гарагт 38 алба, салбар нэгж, төвийн 450 хүн нийт 11660 мод тарив. Мод тарих төмөр замчид 08.30 цагт Замын II ангийн хашаанаас нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөллөө. Биднийг очиход мод тарих нүх, суваг шуудууг ХАБЭА-н албаны Экологийн хэлтэс, Замын II анги хамтран ухаж бэлтгээд, салбар нэгжүүдийн тарих модыг хуваарилсан байлаа. Мод тарих үйл ажиллагааг Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт нээж “Энэ орчин бол Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, усны эх ундарга болсон Алсын худаг гэдэг газар. Бид зөвхөн мод тариад зогсохгүй төмөр замчдынхаа усны эх ундаргыг хамгаалж байгаа юм. Монголын ой Хоолт хүрээд дуусдаг бол энэ ойг дахиад 45 км үргэлжлүүлэх ажилд гар бие оролцож байна. Нөгөө талаар салхи шуурга ихтэй энэ газрыг ойжуулах гэж буйгаараа чухал юм. Биднийг анх мод тарихад услалтын системгүй, ус агуулах савгүй, хашаагүй байлаа. Харин алхам алхмаар эдгээрийг бий болгож, услалтын системийг тодорхой хэмжээнд хийсэн. Энэ удаад мод тарих урд хэсэгт услалтын системийг хараахан хийж чадаагүй байгаа. Хэрэв тарьсан модод маань ургах чадваргүй болбол энэ хүртэл хөрөнгө мөнгө зарцуулж ирээд суулгасны хөлс хүч ямар ч үр дүнгүй болно. Тиймээс та бүхэн тарьсан модоо долоо хоног чийгээ хадгалахуйц хэмжээнд сайн услахыг хүсье. Та бүхний минь тарьсан мод өндөр ургаж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай” гэв. Мөн Экологийн хэлтсийн дарга Ц.Болдоо “Монголчууд бид эх байгаль дэлхийгээ сүслэн хүндэтгэж, энэрэн хайрладаг ард түмэн. Өмнө нь хавар, намарт хоёр удаа л тарьдаг байсан бол энэ жил тав, есдүгээр сарын Бямба, Ням гарагуудад нийт найман удаа мод тарихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ нь тэрбум мод тарих ажлыг эрчимжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм” гээд нийт оролцогчдод амжилт хүслээ. Ийнхүү салбар нэгжүүд өөр өөрийн хуваарьт газраа мэргэжлийн хүний заавар зөвлөмж, хяналт дор үрслүүлсэн модоо суулгаж услав.
Ирэх амралтын өдрүүдэд үлдсэн салбар нэгж, байгууллагууд ээлж дараалан “Tөмөр замчдын ногоон төгөл”-д нийт 45841 мод тарих хуваарь гарсан байна.
М.Болд
