Нүүр УБТЗ ХНН Төмөр замчдын дундаж цалин 3.8 сая төгрөгт хүрчээ
УБТЗ ХНН

Төмөр замчдын дундаж цалин 3.8 сая төгрөгт хүрчээ

G.Press 6 сарын өмнө 507 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Хүний нөөцийн албанаас “Тогтвортой хөгжил ба инноваци” хэлэлцүүлгийг   өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж нарын Замын удирдлагууд, Улаанбаатар, Толгойт зангилааны төмөр замчид оролцов. “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. Чадварлаг хүний нөөц нь УБТЗ-ын хөгжил, тогтвортой байдалд

тулгуур болох гол хүчин зүйл юм.

 

Орлогоо нэмэгдүүлж байж шинэчлэл хийнэ

 

Хэлэлцүүлгийн үеэр УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогтын тавьсан илтгэлд дурдсанаар УБТЗ энэ жил хүний нөөцийн тогтвортой хөгжлийг тэргүүлэх зорилтоор тодорхойлж, сургалт, бодлогын баримт бичгийг шинэчилсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас бүх зангилаа, нэгжид ажиллаж, төмөр замчдын санал бодлыг сонсжээ. Нийт 4940 төмөр замчин санал ирүүлж, 1008 ажилтан уулзалт, хэлэлцүүлэгт биечлэн оролцсоны дийлэнх нь нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, 30 хувь нь техникийн шинэчлэлийг хийх, хүний нөөцийн бодлого, тогтвор суурьшил, сургалтын чанарыг сайжруулах асуудал давтамжтайгаар тавигдсан байна. Санал асуулгад оролцсон ажилтнуудын 95 хувь нь энэ жилийн зорилтыг дэмжиж буйгаа илэрхийлж, бодлогын хүртээмжийг 80 хувь нь эерэгээр үнэлжээ.

УБТЗ энэ жил 34 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл 32.4 сая тонн орчим байх төлөвтэй.  Үүнд орон нутгийн тээврийн хэмжээ, нүүрсний үнэ, экспортын бууралт нөлөөлсөн. Мөн зорчигч тээврийн тоо төлөвлөснөөс арван хувиар багассан дүнтэй. Харин УБТЗ транзит тээврийг тогтмол өсгөснөөр өнгөрсөн оныхоос арав гаруй хувиар нэмэгдүүлжээ. Тодруулбал, тарифийн өсөлтөөр 2024 онд 100 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлсэн байна. 2021 онд 21 төрлийн тарифын 19 алдагдалтай байсан бол өнөөдөр орон нутгийн нүүрсний болон чингэлгийн тээвэр өөрийн өртгөөр бүрэн нөхөгдөөгүй байна. Өнгөрсөн жил орон нутгийн нүүрсний тарифыг 15.5 хувиар нэмсэн нь алдагдлыг бууруулахад ихээхэн дэм болжээ. Ингэснээр их ачаа тээвэрлэх тусам их алдагдал хүлээдэг нөхцөл байдлыг өөрчилж, ачаалал ихсэх тусам ашиг нэмэгддэг бүтэц рүү шилжсэн гэж дүгнэж болох ажээ.

Орлого багассан хэдий ч өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс нийт ажилтныхаа цалинг 11.3 хувиар нэмсэн. 2022 онд төмөр замчдын дундаж цалин 2.2 сая төгрөг байсан бол 2025 оны байдлаар 3.8 сая төгрөгт хүрч, нийтдээ 71 хувь өссөн байна. Энэ нь төмөр замчдын бодит цалингийн өсөлт боловч инфляцийн дарамтаас шалтгаалан ар гэрийн амьдралд чухал ахиц мэдрэгдэхгүй байгаа талаар ажилчид саналаа илэрхийлжээ. Төмөр замын хамтын гэрээгээр жил бүр цалинг тодорхой хувиар нэмэгдүүлдэг. 2022 оноос хойш цалингийн шатлал тогтмол хэрэгжиж байгааг илтгэлийн үеэр тодотгож байв.

УБТЗ нь 2030 он хүртэлх техник шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтран ажиллаж байна. I шатанд 221 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн,  II шатанд нийт 816 сая ам.доллар шаардлагатай. Одоогийн байдлаар нийт ачаа, зорчигчийн вагонуудын 52 хувь ашиглалтын хугацаа хэтэрсэн, зорчигчийн 251 вагоны 87 хувь хуучирсан тул шинэчлэл нэн яаралтай хэмээн үзэж буй. Энэ жил 700 орчим вагоныг актлах төлөвтэй байсан ч орон нутгийн нүүрсний тээврийн ачааллаас болж хугацааг сунгаж, ашиглаж байна. Техникийн шинэчлэл, зорчигчийн үйлчилгээ, нийгмийн асуудлыг зэрэг шийдэхийн тулд байгууллагын үндсэн тээврийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Цалин нэмэх, орон сууц барих, шинэ вагон худалдан авах зэрэг зорилт нь бүгд орлогын өсөлтөөс хамаарах тул  урт хугацааны бодит эрэмбэлэлт хийх шаардлагатайг М.Цогт дарга онцолж байв.

УБТЗ-ын  жилийн зорилтоо 12 дугаар сарын сүүлчээр тодорхойлдог байсныг энэ жилээс эхлэн наймдугаар сараас боловсруулахыг зорьж байгаа ажээ.

 

 УБТЗ-ын хүний нөөцийн бүтэц залуужжээ

 

УБТЗ-ын Хүний нөөцийн алба энэ онд хэрэгжүүлж буй “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын явц, бодлого шинэчлэл, байгууллагын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар  албаны дарга С.Цэвээндорж мэдээлэл хийсэн юм. УБТЗ нь НҮБ-ын 17 зорилтоос есөн зорилтыг сонгон хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын “Алсын хараа-2050” баримт бичгийн хүний хөгжилтэй холбоотой зорилтуудыг байгууллагынхаа нөхцөл байдалд нийцүүлэн хүний нөөцийн тогтвортой хөгжлийн есөн бодлогын чиглэл болгон тодорхойлжээ.  Үүнд хүний нөөцийн хөгжил, сургалтын систем, нийгмийн асуудал, байгууллагын хөгжил, байгууллагын ил тод байдал зэрэг багтсан байна.

УБТЗ-д нийт 16 мянга орчим ажилтан байгаагаас 60.5 нь эрэгтэй, 39.4 нь эмэгтэй. Насны бүтэц залуужиж байгаагаараа онцлог. Төмөр замчдын 39 хувь буюу 6259 нь 23-38 насны бөгөөд байгууллагын дундаж нас 37. Ажилтнуудын тогтвор суурьшлын үзүүлэлтүүд өссөн, тав хүртэл жил ажилласан ажилтны тоо 5701-6775, 30-аас жил ажилласан ажилтны тоо 503-715 болж өсжээ. Хүний нөөцийн бодлогыг 12 жилийн дараа шинэчилснээр ажилтны мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг урт хугацаанд хөгжүүлэх, эрүүл, аюулгүй, тогтвортой орчинг бүрдүүлэх, байгууллагын стратегитэй уялдсан хүний нөөцийн хөгжлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой.

Мөн машинч, вагон үзэгч, засварчин, замчин, өртөөний жижүүр зэрэг таван мэргэжлээр ажил мэргэжлийн  стандартын олон улсын байгууллагатай хамтран шинэчлэн баталжээ. Сүүлийн гурван жилд хүний нөөцийн баримт бичгийг бүрэн цахимжуулж, 16 мянган ажилтны мэдээллийн санг бүрдүүлжээ. “Цахим төмөр замчин” аппликейшнпд нэвтэрснээр ажилтан хэрэгтэй хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хамтын гэрээ, лавлагаа мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрдсэн. Сургалтыг шинэ түвшинд хүргэж, МСҮТ-ийн чадамжийн сертификат, Политехник коллежид техникчийн гурван жил, бакалаврын дөрвөн жилийн хугацаатай сургалтыг шинэ тогтолцоотой уялдуулан бүх сургалтыг видео хэлбэрт, цахим платформд оруулж, шалгалт, тестийг онлайн хэлбэрт бүрэн шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. UBTZ.mn сайтад хүний нөөцийн ил тод байдал, сул орон тоо, журам, бодлого, сургалт, зар мэдээлэл бүгд шилэн хэлбэрээр нийтлэгдэж байна. Ажилтны хөгжил, орчин үеийн технологийн дэвшил, цахим, ил тод байдлыг хамтад нь хөгжүүлэх нь хүний хөгжлийн үндсэн тулгуур гэдгийг албаны дарга онцолж байсан юм.

 

УБТЗ сургалт хөгжлийн тогтолцооны шинэчлэл хийж байна

 

Сургалт хөгжлийн тогтолцоог шинэчлэх асуудлыг өнгөрсөн оноос эрчимтэй ярьж, Замын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт УБТЗ-ын бүх гол нэгжийн удирдлага, ерөнхий болон сургалтын инженерүүд багтаж, хүний нөөц, техник, сургалтын орчин, зайн сургалт зэрэг өргөн хүрээний асуудлыг хамтад нь шийдвэрлэх зорилготойгоор ажиллаж байгаа ажээ. Техникийн бодлого, стандартчлалын албаны үл эвдэх сорилтын чанарын ахлах инженер О.Дэмбэрэлсүрэнгийн танилцуулснаар сургалт, хөгжилд энэ жил онцгой анхаарал хандуулж байгаа ажээ. Замын даргын 656 дугаар тоот тушаалын хүрээнд сургалт хөгжлийн тогтолцоог сайжруулах ажлыг таван чиглэлээр хэрэгжүүлж эхэлжээ. Ажлын хэсэг нь төмөр замчдаас санал асуулга авахад одоогийн арга барил үр дүнгүй, ажилчдад дарамт болж, танхимын сургалт давамгайлснаас ажил дээрх бодит хэрэгжилт сул байгаа нь ил болжээ. Тиймээс олон улсад түгээмэл ашигладаг “70-20-10” буюу ажил дээрх дадлага тэргүүлэх байр суурьтай сургалтын арга барилд суурилсан тогтолцоо руу шилжихээр болсон байна. Монголын нөхцөлд тохируулан “70-30” загвар сонгосноор 70 хувь нь ажлын байран дээрх сургалт,  30 танхимын сургалт байх аж. Шинэ үеийн ажилчдыг бэлтгэхэд ЕБС-ийн сурагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг богино хугацаанд бэлтгэж төмөр замчин болох чадамжийн сургалт зонхилно. ОХУ-ын Удирдлагын академид арван ажилтанг сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд тэд байгууллагын хэмжээнд шинэ чадамжийн сургалтуудыг явуулж эхлэхээр төлөвлөжээ. Дархан, Сайншанд дахь сургалтын төв нь ирэх 12 дугаар сард ашиглалтад орсноор чадамжийн сургалт  болон удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, гадаад сургалтын ажиллагааны төвүүд, цахим сургалтын систем цогцоор хэрэгжих боломж бүрдэнэ.

 

 Улаанбаатар хотод 1670 айлын орон сууц баригдахаар төлөвлөгөөнд тусгав

 

Замын даргын А-01 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөөний хүрээнд цалин хөлс, орон сууц, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, тэтгэврийн сан, нийгмийн дэмжлэгийн бодлогын хэрэгжилтийн талаар Замын даргын ажлын албаны нийгмийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ариунаа илтгэл тавьсан юм.

2025 оны есдүгээр сарын байдлаар УБТЗ-ын дундаж цалин 3.8 сая төгрөгт хүрч өссөн. 2014-2024 онд төмөр замчдад нийт 1.8 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон бол энэ онд дахин 420 сая төгрөгийн тэтгэмж долоон ажилтанд олгохоор төлөвлөжээ. УБТЗ 2007 оноос хойш орон сууцжуулах ажилд улсдаа үлгэр жишээ болохуйц туршлага хуримтлуулсан гэдгийг онцолж байв. 2025 онд 502 ажилтныг орон сууцтай болгох зорилт дэвшүүлж, Сайншанд, Замын-Үүд, Багахангай дүүрэгт барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн 2026 оноос Улаанбаатар хотод 1670 айлын орон сууц баригдахаар төлөвлөгөөнд тусгажээ.

Төмөр замчдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төв эмнэлгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр УБТЗ-ын удирдлагууд БНСУ-д туршлага судлаад ирсэн байна. 6500 эмэгтэй ажилтанд зориулсан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий эмэгтэйчүүдийн сувиллын төвийг нээсэн нь олны талархлыг хүлээгээд буй. Хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд ажилтны хөдөлмөрийн гэрээнд “Би хүчирхийлэгч бус хүүхдийг хайрлагч хүмүүжүүлэгч” гэсэн заалтыг тусгасан байна.

“Нэйшнл лайф” даатгалтай хамтран Төмөр замчдыг сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгалд хамруулах ажлыг өргөжүүлж, “Зорилготой хуримтлал” бүтээгдэхүүнийг  нэвтрүүлэн өнгөрсөн зургадугаар сараас хойш 28 удаагийн сургалт зохион байгуулж, нийт ажилтны 21 хувийг хамруулжээ. Тухайлбал, сар бүр 100000 төгрөгийн хуримтлал 75.2 сая, сар бүр 80000 төгрөгийг хуримтлуулахад 40 жилийн дараа тэрбум төгрөг болно. Байгууллагын тэтгэврийн сангийн тооцооллоор ажилтан болон байгууллага тус бүр 250 мянган төгрөгийн оролцоотой байвал 40 жилийн дараа 6.8 тэрбум төгрөгийн хуримтлалтай болох боломжтой гэж тооцож үзжээ.

2023-2025 оны ажлаас гарах шалтгааны судалгаагаар цалин хангамжаас  61.6, удирдлагын арга барилаас 11.2, илүү боломжтой ажлын байрнаас 16.1, эрүүл мэндийн хүндрэлээс шалтгаалж 4.03 хувь нь ажлаасаа гарсан байна. Ёс зүйн хороонд ирэх гомдлын тоо нэмэгдэж буй нь төмөр замчдын ил тод мэдээлэх хандлага сайжирч байгааг харуулж байна хэмээн ахлах мэргэжилтэн онцолсон билээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Хэлэлцүүлэгт 280 гаруй төмөр замчин оролцсон. Илтгэл танилцуулга, хэлэлцүүлэг, сургалт,  гэсэн ерөнхий агууламжтай.  Оролцогчид санал асуулга, асуултаа QR код уншуулж өгөх, зочин илтгэгч 15 минутад илтгэлээ тавих, оролцогчид асуулт, санал асуулга өгөх, хариулах нь хоёр минутад багтаах зэрэг дэг журамтай. УБТЗ-ын ЗТБ-ын дэргэдэх “Хувь хүний хөгжлийн академи”-ийн захирал Г.Мөнгөнхуягийн  “Шинэ цагийн манлайлагч” сургалтад чөлөөтэй оролцох боломжийг бий болгож, асуултад хариулсан оролцогчийг шагнаж урамшуулах, баруун, зүүн тархиа зэрэг хөгжүүлэх хөнгөн дасгал хийлгэж идэвхжүүлж байв. “Тогтвортой хөгжил ба инноваци” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.  

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.