УБТЗ-ын Ахмадын холбооны дэд дарга М.Ганбаттай ахмадуудад олгодог хөнгөлөлт, урамшууллын талаар ярилцлаа.
-Одоогийн байдлаар танай Ахмадын холбоо хичнээн гишүүдтэй, гишүүддээ чиглэсэн ямар үйл ажилагаа явуулж байна вэ?
-УБТЗ-ын Ахмадын холбоо ТББ нь нийт 8000 гаруй ахмадтай, тэдний нийгмийн хамгаалал, эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Жил бүрийн эхэнд Ахмадын тухай хуулийн дагуу, УБТЗ-тай хамтран ажиллах гэрээ хийж, төмөр замаас төсвөө батлуулдаг. Байгууллагын үйл ажиллагаа хамтран ажиллах гэрээний дагуу явагддаг. Мөн жил бүр Ахмадын дэд сангийн зарцуулалтад мөрдөх журмыг УБТЗ-ын удирдах зөвлөлөөр батлуулж, мөрддөг. Манай байгууллага ахмадын нэмэгдэл тэтгэлэг, түлээ нүүрсний хөнгөлөлт, эмчилгээний зардлын хөнгөлөлт, нас барахад олгогдох буцалтгүй тусламж, хороо зөвлөлийн дарга нарын урамшуулал, тэргүүлэгч нарын утасны зардал гэх мэт төмөр замын ахмадуудтай холбоотой бүхий л үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх зорилготой. Мөн урлаг, уран сайхан, спортын тэмцээн уралдааныг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж явган алхалт зохион байгуулах үйл ажиллагааг ахмадуудынхаа дунд тогтмол зохион байгуулж байна.
-Энэ жил ахмадуудад олгодог хөнгөлөлт, урамшуулалд өөрчлөлт, орсон уу?
-Журамд цөөн хэдэн өөрчлөлт орсон. Үүнд ахмад настан нас барсан тохиолдолд 300000 төгрөг ар гэрт нь олгож байсныг 500000 төгрөг болгосон. Түлшний хөнгөлөлт олгох ахмадуудын шалгуур үзүүлэлтэд "Нэг сая төгрөгөөс доош тэтгэвэртэй ахмадуудад л олгоно." гэж нэмж оруулсан.
-Нэг сая төгрөгөөс доош тэтгэвэртэй хэдэн ахмад байна вэ? Өнгөрсөн болон энэ жил хэдэн ахмад хөнгөлөлтөд хамрагдав?
-Нэг сая төгрөгөөс доош тэтгэвэртэй ахмадуудын тоо түлшний хөнгөлөлтөд хамрагдсаны дараа тайланд тусгагдана. Түрүү жил 1625 ахмадад 90 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ жил 400-500 орчим ахмад хамрагдах болов уу гэж барагцаалж байна. Ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэг бүрчлэн мэдэх боломжгүй.
-"Нэг сая төгрөгөөс доош" гэж заасныг 1200000-1500000 төгрөг болгох саналыг зарим ахмад тавьж байгаа юм байна. Энэ талаар?
-Эхний ээлжинд нэг сая төгрөгөөс доош тэтгэвэртэй ахмадуудад хөнгөлөлт олгоод, төсөв хөрөнгө үлдсэн тохиолдлолд сая гаран төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадуудыг нэмж хамруулж болно. Он гарахад журам ахин шинээр батлагдаж, дээрх хэмжээг нэмэгдүүлж болно. Мөн амралт, сувиллын хөнгөлөлт тооцох тарифыг хоногийн 40000 төгрөг гэж шууд зааж өгсөн. Ахмадын хороо, зөвлөлийн дарга нарын сарын урамшууллыг 40000 төгрөгөөр нэмсэн. Хороо, зөвлөлийн ня-бо нарын улирлын урамшууллыг хорин хувиар нэмсэн. Төсвийн хувьд УБТЗ төмөр замчдын цалингийн фондын нэг орчим хувийг ахмадын байгууллагад төсөвлөдөг. Нэг хувь гэхээр бага сонсогдож байгаа ч чамлахааргүй сайн төсөв юм. Ийм хэмжээгээр өгч байгаа өөр байгууллага бараг байхгүй. Тиймээс ч манай төмөр замын ахмадууд сэтгэл хангалуун, урамтай байдаг байх. Төмөр замчдын цалин нэмэгдэхийн хэрээр бидэнд олгох хөнгөлөлт, урамшуулал нэмэгдсээр байна.
-Жилд хэдэн ахмад, ямар шалгуураар хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байна?
-Шалгуур байхгүй. Бүх төмөр замчин ахмадыг жилд хоёр удаа нэмэгдэл тэтгэлэгт хамруулж байна. Нэмэгдэл тэтгэлгээр хагас жилд нэг удаа 18000 төгрөг өгдөг байсныг 56000 төгрөг буюу жилд 112000 төгрөг болгож нэмсэн. Ажилласан жил, цол тэмдгээр шагнуулсан эсэхээсээ хамааран 100000-300000 төгрөгийн урамшууллыг нийт ахмадад жил бүр олгож байна.
-Ахмадууд өөрсийн харьяа байгууллагын хороо, зөвлөлд хүсэлт гаргах журамтай юу?
-Тийм. Манай төмөр зам их олон ахмадтай. Нэг зангилаанд гэхэд багадаа 50 ахмад байх жишээний. Тиймээс манай Ахмадын холбоо санхүүжилтыг нь гаргаж өгдөг.
Т.Анужин