УБТЗ-аас хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн дээд шагнал болох "Хөдөлмөрийн баатар", "Гавьяат тээвэрчин" цол тэмдгээр шагнуулсан төмөр замчдын байгуулсан "Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын холбоо" ТББ өнгөрсөн баасан гарагт таван жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн ёслол өнгөрсөн Баасан гарагт Баянбуурал амралтад болсон юм.Ёслолын арга хэмжээнд УБТЗ-аас төрсөн зургаан Хөдөлмөрийн баатар, тээврийн салбараас төрсөн гавьяат цолтнуудын төлөөлөл оролцлоо. Энэхүү ТББ-ын тэргүүнээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, гүйцэтгэх захирлаар Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, дэд захирлаар Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр нар ажилладаг юм. Төмөр замын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эзэмшсэн ажил мэргэжлийнхээ эзэн болсон баатар, гавьяатууддаа хүндэтгэл илэрхийлэхээр ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт нар зорин ирж тэдэнд баяр хүргэж үг хэлсэн юм. Уг ойн баярын үйл ажиллагаанд УБТЗ-ын Ахмадын холбооны дэргэдэх "Хос Уянга" хамтлаг тоглолтоо сонирхуулан хөдөлмөрийн сайчууд гавьяатууддаа бэлэг барьжээ.