УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх, улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулиар боомтын дэд бүтэц улсын хил дамнасан байгууламж хилийн боомт гэсэн ойлголтыг тодорхойлсон заалтуудтай уялдуулан хөрш оронтой төмөр замаар замын хил дамнасан байгууламж барих ашиглах үйл ажиллагаатай холбоотой асуудал, ялангуяа улсын хил рүү чиглэсэн хил дамнасан төмөр замын өмчлөгч нь 1 хуулийн этгээд байх шаардлага үүсэж байгаатай холбогдуулан саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа. Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын талаар УИХ-ын гишүүн Д.Батлут асуулт асуув. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тус салбар нь онцлог хөдөлмөрийн нөхцөлтэй бөгөөд одоогийнхоо жишгээр дотоод дүрэм, журамдаа нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудаа нарийвчлан тусгаад явах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгаад байна. Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7,000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан. Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр зохицуулалтуудыг хийж байгаа” гэлээ.