Төмөр замын тээврээр 2022 онд 27.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (11.5 хувь) сая тонноор багасжээ.
Төмөр замын тээврээр тээсэн ачааны бууралтад экспортын ачаа 2.3 (21.4 хувь) сая, дамжин өнгөрсөн ачаа 1.1 (25.1 хувь) сая, дотоод ачаа 704.8 (5.6 хувь) мянган тонноор багассан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 2.8 сая тонн болж, өмнөх сарынхаас 30.8 (1.1 хувь) мянган тонноор багаслаа. Үүнд барилгын материалын тээвэр 31.3 хувиар багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төмөр замаар өнгөрсөн онд тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 2.4 (12.6 хувь) сая, барилгын материал 337.7 (11.3 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 54.2 (23.5 хувь) мянга, хар төмөр 47.4 (18.5 хувь) мянга, мод, модон материал 44.5 (42.9 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 39.8 (19.9 хувь) мянган тонноор багасжээ.
Төмөр замын тээврээр зорчигчид өнгөрсөн онд 2.4 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (6.8 дахин) сая хүнээр нэмэгдсэн байна. Төмөр замын тээврээр зорчигчид 2022 оны 12 дугаар сард 151 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 11.4 (8.2 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онд 747.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.1 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт буурсан нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого 2022 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 2 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөж 77.4 тэрбум төгрөг болсон аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ