УБТЗ ХНН-ийн “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих” оны зорилт болон ТБДҮ үүсэн байгуулагдсаны түүхт 28 жилийн ойг угтан энэ сарын 05-ны өдөр ”Хишиг өдөр" үйл ажиллагааг зохион байгуулжээ. Эл өдөр үйлдвэрийн удирдах ажилтнууд болон цех бүрийн төлөөлөл харилцан туршлага солилцон ажилласан байна. Хишиг өдрөөр нь ажилтан, ажил олгогч нарын хоорондын харилцааг бэхжүүлэх, мэргэжлийн онцлогийг таниулах, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг нээн илрүүлэхэд чиглэсэн аж. “Хишиг өдөр”-т оролцсон ажилтнууд талархлын цаг гаргаж, талархсан сэтгэгдлээ илэрхийлж, гарын бэлэг солилцсон нь халуун дотно уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Байгууллагын оршин тогтнох, ажил нь амжилттай урагшлах томоохон хүчин зүйл нь ажиллагчдын биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, улмаар хамт олны дундах уур амьсгал, найрсаг харилцаа юм. Ажилтнаа ойлгож дэмжих нь байгууллагын соёлын нэгэн чухал хэсэг гэж тус хамт олон үзжээ.
Тиймээс “Хишиг өдөр”-өөр ажилтнуудынхаа санал хүсэлтийг хүлээн авахын сацуу өдөр тутамд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг нээлттэй сонссон байна. Тухайлбал, зарим ажилтан хүн хүчний зохион байгуулалтыг оновчтой хийх, гар ажиллагаа ихтэй ажлын байранд технологийн шинэчлэлтийг үе шаттай хийх шаардлагатайг онцлон дурджээ.
Үйлдвэрийн захиргаа ажиллагсдаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн, хэрхэн шийдвэрлэх талаар төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.
Ташрамд дурдахад, энэ оны эхний хоёр улирлын байдлаар тус үйлдвэр АРС бэхэлгээтэй дэр 30416, CZ бэхэлгээтэй дэр 27640, нарийн царигийн бетон дэр 1320, кран замын дэр 192 ширхэг буюу нийт 59568 ширхэг бетон дэрийг үйлдвэрлэжээ. Мөн гүүр хоолойн хийц үйлдвэрлэлээр 18 төрлийн 346 ширхэг хийцийг, хориг хашааны шон, явган замын хавтан, кран замын дэр, зуутын тэмдэгтийн шон гэх мэт 8341 ширхэг бүтээгдэхүүнийг захиалгын дагуу үйлдвэрлэж нийлүүлсэн байна.
