Энэ сарын 14-нд Толгойт өртөөнд ахмад, дунд, залуу үеийн төмөр замчдыг нэгэн дор цуглуулсан “Гурван үеийн мэргэжлийн уулзалт-зөвлөгөөн”-ийг өргөн хүрээнд, үр өгөөжтэй зохион байгууллаа. Тус уулзалтыг Толгойт өртөөний захиргаа, Ахмадын хороо, ҮЭ-ийн хороо, Залуучуудын зөвлөл хамтран зохион байгуулж, үе үеийн төмөр замчдын мэдлэг, туршлага, үнэт өвийг залуу үедээ өвлүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болов. Уулзалтыг Толгойт өртөөний дарга Т.Үржин нээн мэндчилгээ дэвшүүлж, өртөөний өнөөгийн үйл ажиллагаа, хамт олны амжилт бүтээл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр, “Төмөр замын салбарын хөгжил дэвшил нь ахмад үеийн бүтээлч хөдөлмөр, залуу үеийн эрч хүч, хичээл зүтгэл дээр тулгуурладаг” хэмээн онцолсон юм. Толгойт өртөөний Ахмадын хорооны дарга М.Уранбилэг зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж, ахмадын зөвлөлийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудgg танилцуулан, залуу ажилтнуудад мэргэжлээ хайрлан, ажилдаа эзэн болж, ахмад үеийнхнээс суралцан ажиллахыг уриалав. Мөн УБТЗ-ын Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн ахмадын байгууллагын үйл ажиллагаа, ахмадуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцож буй нийт төмөр замчдад амжилт хүссэн юм. Зөвлөгөөний үеэр Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Х.Сувдаа залуу ажилтнууд болох туслах жижүүр Л.Отгонцэцэг, тооцооны оператор Х.Оюунтүлхүүр нарт “Ахмадын хишиг” урамшууллыг гардуулж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөл өргөв. Энэхүү шагнал нь ахмад үеийн халуун сэтгэл, итгэл найдвар, залуу үедээ хандсан урам зоригийн бэлгэдэл байлаа. Үйл ажиллагааны бас нэгэн онцлох хэсэг нь ахмад төмөр замчдыг өөрсдийн ажиллаж байсан ажлын байртай нь танилцуулсан явдал байв. Өнгөрсөн он жилүүдийн хөдөлмөрийн дурсамж сэргэсэн энэ мөчид ахмадууд ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж, залуу ажилтнууд сонирхон асууж, үнэт зөвлөгөө авсан нь багш-шавийн холбоог улам бататгасан ач холбогдолтой байлаа. Уулзалтын төгсгөлд өртөөний дарга Т.Үржин ахмад ажилтнууддаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөж, хүндэтгэлийн бэлэг дурсгал гардуулсан юм. Ийнхүү “Гурван үеийн мэргэжлийн уулзалт зөвлөгөөн” нь ахмад, дунд, залуу үеийн төмөр замчдын хамтын холбоог бэхжүүлж, мэдлэг туршлагыг өвлүүлэн үлдээх, мэргэжлийн бахархлыг сэргээсэн урам зориг дүүрэн, өгөөжтэй болж өндөрлөв. Энэхүү уулзалт нь үе үеийн төмөр замчдын залгамж холбоо, хөдөлмөрийн үнэт уламжлал үеийн үед тасралтгүй үргэлжлэхийн тод илэрхийлэл болж буйг тэд онцолсон юм.
Э.НЯМБАДРАХ
