Монгол Улсын төлбөрийн тэнцэл долоодугаар сарын эцсийн байдлаар 452.35 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. 2022 оны эхний долоон сарын хугацаанд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад 2023 онд алдагдал гурав дахин буурсан байна.
Төлбөрийн тэнцлийг алдагдалд хөтөлдөг гол үзүүлэлт болох урсгал дансны алдагдал 2022 оны эхний долоон сарын хугацаанд 1.6 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2023 оны эхний долоон сарын хугацаанд 538 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд нүүрс болон бусад голлох эрдэс бүтээгдэхүүний экспорт өссөн, үйлчилгээний худалдааны алдагдал харьцангуй буурсан нь нөлөөлсөн байна.
Урсгал дансны алдагдлаас тээврийн дансны алдагдал оны эхний долоон сард 477.81 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байна. Нөгөө талаас аяллын дансны тэнцэл 378.27 сая ам.долларын алдагдалтай гарсныг Монголбанкны тайланд дурджээ. Үүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад төдийлөн өөрчлөлтгүй буюу 10 гаруй сая ам.долларын өсөлттэй байна.
2023 онд дэлхийн бүх улс орон цар тахлын дараа анх удаа бүгд хилээ нээж, аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2023 оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаж, Монголд аяллын зорилгоор ирэх зарим улс орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөөд байгаа юм.
Монголбанк