Монгол Улсын төлбөрийн тэнцэл нэгдүгээр сард 188.56 сая ам.долларын ашигтай гарснаар сүүлийн гурван сарын хугацаанд эерэг үзүүлэлтээ хадгалав. Монголбанкны тайланд дурдсанаар 2022 оны нэгдүгээр сард төлбөрийн тэнцэл 460 гаруй сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр ашигтай гарахад экспортын орлого голлон нөлөөлсөн байна. Тухайлбал: нэгдүгээр сард барааны данс 372.6 сая ам.долларын ашигтай гарахад гадаадад экспортолсон барааны үнийн дүн нэг тэрбум ам.доллар давсан нь гол жин даржээ.

Хоёрдугаар сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.7 тэрбум ам.доллар болсныг ГЕГ мэдээллээ. Харин гадаад худалдааны тэнцэл 389.7 сая ам.долларын ашигтай гарснаар сүүлийн 14 сарын хугацаанд энэхүү эерэг үзүүлэлтээ хадгалж байна. Өнгөрсөн сард экспорт 1 тэрбум 77 сая ам.доллар, импорт 687 сая ам.доллар болсон байна.