2023 оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буураад байна. Гуравдугаар сарын 16-наас хойших гадаад валютын дуудлага худалдааны статистикийг харвал,
-
2023.03.16 – 68.3 сая ам.доллар нийлүүлэв;
-
2023.03.21 – 54.8 сая ам.доллар нийлүүлэв;
-
2023.03.23 – 22.2 сая ам.доллар нийлүүлэв;
-
2023.03.28 – 6 сая ам.доллар нийлүүлж, 12 сая ам.доллар банкнуудаас худалдан авав.
Дээрх статистикаас харахад банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буурсан нь харагдаж байна. Үүнийг дагаад ам.долларын албан ханш 2023.03.19-нөөс хойших 10 хоногийн хугацаанд бараг 7 төгрөгөөр суларч, төгрөг эсрэгээрээ чангараад байна. Гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт ийнхүү буурсаар хамгийн сүүлийн байдлаар буюу өнөөдрийн дуудлага худалдаагаар банкнуудаас ам.доллар худалдан авах санал ирүүлээгүй бөгөөд эсрэгээрээ Монголбанканд 36 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар банкууд Монголбанканд валют худалдах санал ирүүлсэн, Монголбанк банкнуудаас валют худалдан авсан тохиолдол хамгийн сүүлд 2021 онд тохиож байсан юм. Энэ утгаараа ам.долларын ханшийн сүүлийн 10 гаруй хоногийн хөдөлгөөн нь төгрөгийн ханш тогтворжиж эхэлж буйн томоохон шинж тэмдэг, дохиог зах зээлд өгч байна. Харин том зургаараа харвал 2023 оны эхэнд Монгол Улсын Засгийн газар ирэх хоёр жилд төлөх байсан томоохон өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлэх хэлцлийг амжилттай хийж, олон улсын зах зээл дээрээс санхүүжилт татаж чадсан. Гуравдугаар сарын эхээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн зэрэг таатай үйл явдлууд тохиолоо. Эдгээр нь олон улсын зах зээл дээрх Монгол Улсын цаашдын эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид онцолж буй билээ. Гадаад худалдааны хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар 2.2 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 90 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин 1.19 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх жилээс 15 хувийн өсөлттэй, гадаад худалдааны тэнцэл 1.04 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Монгол Улс энэ оны эхний хоёр сард зөвхөн нүүрсний экспортоосоо 1.27 тэрбум ам.долларын орох урсгалыг авч чаджээ. Мөн зэсийн экспортоос 372 сая ам.долларын ашиг олсон нь нийт уул уурхайн салбарын экспортын 90-ээс дээш хувийг бүрдүүлж байна. Экспорт ийнхүү сэргэж, ам.долларын дотогшлох урсгалыг нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханшийг чангаруулах хамгийн чухал хөшүүрэг болсон байх талтай.