Замын-Үүд эргэх Депогийн нэрэмжит сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн сарын 14-15-нд Замын-Үүд хотноо амжилттай зохион байгуулагджээ. Тус тэмцээнд төмөр замчдын төлөөлөл “Family” нэртэй баг бүрдүүлэн оролцож шигшээ наймд шалгарсан нь содон бөгөөд бахархалтай үйл явдал болов. Ингээд тус багийн ахлагч Т.Наранбаатартай утсаар холбогдон цөөн хором ярилцснаа уншигч та бүхэнд хүргэе.

- Юуны өмнө улсын хэмжээнд дээгүүр эрэмбэлэгдэх тэмцээнд гэр бүлийн багаа бүрдүүлэн амжилтай оролцсонд баяр хүргэе.

-Баярлалаа, та бүхэндээ. Ах нь Замын-Үүд шилжүүлэн ачих ангид эдийн засагчаар 20 гаруй жил ажиллаад өнгөрсөн жил гавьяаны амралтдаа суусан юм. Энэ жил ээжийгээ баярлуулах зорилготойгоор гэр бүлийн баг бүрдүүлж оролцоод сайхан тоглолоо. Нээлттэй тэмцээн учраас хүч сорихыг зорьсон хэн бүхэн чөлөөтэй орж болдгоороо онцлогтой тэмцээн л дээ. Дээд лигт тоглож байгаа тамирчид ч оролцох боломжтой. Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 16 гээд нийт 49 багын тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.Нэг баг хамгийн доод тал нь найман хүний бүрэлдэхүүнтэй гээд бодохоор ёстой л гал гарсан тэмцээн болсон байгаа биз.

-Та өмнө нь тэмцээнд уралдаануудад оролцож байсан туршлагатай тамирчин байх тийм  үү?

-Би 2003 оноос эхлээд Замын болон албаны аварга шалгаруулах тэмцээнд байнга оролцож ирсэн. Анх оролцсон тэмцээндээ багаараа мөнгөн медаль, би өөрөө “Шилдэг тоглогч”-ийн шагнал авч байлаа. Гар бөмбөгийн тэмцээнд мөн удаа дараа шагналт байранд орж байлаа гээд яривал баялаг түүх бий. Энэ жилийн тэмцээнд төмөр замд ажилладаг хоёр дүү, өөрийнхөө гурван хүүхэд, дүү нарынхаа хүүхдүүдтэй нэг баг бүрдүүлээд орсон. Бид 16-ын нугалаанд Улаанбаатар татах хэсгийн багийг хожсон. Өнгөрсөн жилийн Урлаг спортын наадамд тэргүүлсэн баг шүү дээ. Тус баг дээд лигт тоглодог тамирчин ч бий. Ийм чансаатай багийг хожсондоо бид их урамшсан. Хамгийн гол нь, бидний тоглолтыг үзсэн ээжийгээ баярлуулсан нь хамгийн том амжилт юм даа. Манай ээж  одоо 70 настай. Ач зээ нар нь спортод хорхойтой болохоор ч тэр үү, Замын-Үүд, Сайншанд гээд хаана л сагсан бөмбөгийн тэмцээн болно тасралтгүй очиж үздэг ёстой л улаан фанат хүн дээ. Би одоо 49 настай. Миний доод талын дүү Замын-Үүд шилжүүлэн ачих ангид, нэг нь Сайншандад, нөгөөх нь Дархан өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байгаа гээд бид гэр бүлээрээ төмөр замчин хүмүүс. Тэд маань биднийг дэмжих гээд ирчихсэн. Их сайхан байлаа.

-Үндсэн ажлынхаа хажуугаар спортоор хичээллэхэд эрүүл мэндийн хувьд ч эерэг нөлөөтэй байх?

-Спортоор идэвхтэй хичээллэж ирсний хүчинд нь 50 шүргэж яваа насандаа идэр залуустай өрсөлдөх хэмжээнд явна гэж би боддог. Би анх гар бөмбөгийн спортоор хичээллэж байгаад сагсан бөмбөгийн спорт руу “урвасан” хүн. 2015 онд Сагсан бөмбөгийн холбоог Замын-Үүдэдээ байгуулж, өөрөө холбооны тэргүүнээр нь сонгогдсон. Тэгээд л лигийн тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн лигийн хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ. Төмөр замчин хүний хувьд спортоо ч ажил албаа ч аль алиныг нь хослуулж явах ёстой гэж боддог. Энэ ч үзэл баримтлалаараа хичээж ажилласны хүчинд 2015 онд УБТЗ-ын “Мэргэжлийн аварга”-аар шалгарснаас эхлээд чамгүй л амжилттай ажиллаж ирсэн гэж боддог хэмээн ярилаа.

Дашрамд дурьдахад, Замын-Үүд эргэх депогийн санаачилгаар зохион байгуулсан дээрх тэмцээний 2023 оны аваргаар эрэгтэйгээс “Ялгуун-2”, эмэгтэйгээс “Kyeball” баг тус тус тэргүүлжээ. Харин эрэгтэйчүүдийн дэд байрт “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ийн баг, дэд байрт “Шилтэйд” ХХК-ийн тамирчид тус тус шалгарсан бол эмэгтэй дэд байрт “Ялгуун” баг, гутгаар байрт Замын-Үүд өртөөний баг тамирчид тодорсон байна.