Энэ оны гуравдугаар сард УБТЗ-ын суурь бүтэцтэй холбогдсон бүх салбар замд Тээврийн хяналтын алба, өртөө, замын ангиудтай хамтран хяналт шалгалт, тооллого хийхэд нийт 376 гарам тоологдсоны 68 нь гол замд, салбар болон гүйлтийн холбох замуудад 308 гарам байжээ. Үүнээс нийтийн хэрэгцээний 79, дагнасан хэрэглээний 162 , гадны байгууллага арчилдаг 67 гарам тоологдсон байна.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А-153 тоот тушаалаар батлагдсан “Төмөр замын гарам ашиглах журам”-ын 5.7 заалтын шаардлага хангахгүй 47 гарам, 2.4-т заасан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүй 74 гарам, “Төмөр замын гарам” тэмдэггүй 230, “Төмөр замын хаалтгүй гарам” тэмдэггүй 163, “ЗОГС” тэмдэггүй 198 гарам байгаа нь осол гологдол гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Иймд салбар замд байрлах дагнасан болон нийтийн хэрэгцээний 21 гармыг хаах шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 03 -ны өдрийн УБТЗ ХНН -ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч  Ш.Нямсүрэн даргын шуурхай ажлын тушаалаар “MGLRADIO” радиогоор нийтэд зарлан мэдээлэхийн зэрэгцээ албан тоотоор эзэмшигч байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ. Тэдгээр гармаас тавдугаар сарын 1-ний байдлаар 10 гарам хаасан байна.