Нүүр Боловсрол Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Боловсрол

Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

G.Press 16 цагийн өмнө 13 үзэлт 0 сэтгэгдэл

ЗТЯ, Төмөр замын газар болон Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол-Хятадын төмөр замын салбарын боловсон хүчин бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026–2027 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалт эхэллээ. БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургууль (Beijing Jiaotong University) нь БНХАУ-ын Боловсролын яамны харьяа, Боловсролын яам, Тээврийн яам, Бээжин хотын Ардын засгийн газар болон Хятадын төмөр замын салбарын байгууллагуудтай хамтран ажилладаг, зам тээврийн чиглэлээр мэргэшсэн 130 гаруй жилийн түүхтэй тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол Улсын төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нийт 15 суралцагчийг сонгон шалгаруулж, бакалавр болон магистрын хөтөлбөрт хамруулна. Тэтгэлэг нь хоёр чиглэлээр хэрэгжинэ. Үүнд, нэгдүгээрт, хэлний бэлтгэлгүйгээр шууд мэргэжлийн ангид элсэх тав хүртэлх оюутанд Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн тэтгэлэгт сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, УБТЗ ХНН дотуур байрны зардалд дэмжлэг үзүүлнэ. Суралцагчид төгсөөд эх орондоо эргэн ирж төрийн өмчит төмөр замын байгууллагад гурваас доошгүй жил ажиллана. Хоёрдугаарт, хэлний бэлтгэлээс эхлэн суралцах арван оюутанд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санхүүжилтээр сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгалын зардлын хөнгөлөлт үзүүлэх ажээ. Энэ төрлийн тэтгэлэгт хамрагдсан суралцагчид төгсөөд төрийн өмчит төмөр замын компаниудад таваас доошгүй жил ажиллах үүрэг хүлээнэ. Тэтгэлэгт бакалаврын түвшинд төмөр замын холбоо, дохиолол ба удирдлага, цахилгааны инженер ба автоматжуулалт, төмөр замын инженер, тээвэр, логистикийн менежмент зэрэг мэргэжлүүдээр, магистрын түвшинд тээврийн төлөвлөлт ба менежмент, иргэний инженер, авто зам ба төмөр замын инженер, логистикийн инженер, менежментийн чиглэлээр суралцах боломжтой. Өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн, хүчинтэй гадаад паспорттой, эрүүл мэндийн шаардлага хангасан, хууль эрх зүйн зөрчилгүй байх шаардлагатай. Бакалаврт элсэгч нь 25-аас доош настай, бүрэн дунд боловсролтой, голч дүн нь 80 аас дээш; магистрт элсэгч нь 35 наснаас доош, бакалаврын зэрэгтэй, GPA 3.0-аас дээш байх шаардлагыг тавьж буй аж. Хэлний шаардлагын хувьд хятад хэл дээрх хөтөлбөрт HSK 5 болон түүнээс дээш, англи хэл дээрх хөтөлбөрт IELTS 6.0 буюу TOEFL 80-аас дээш оноо шаардлагатай. Сонирхсон иргэд Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн элсэлтийн системд бүртгүүлж, шаардлагатай материалыг бүрдүүлэн ЗТЯ-д цахимаар ирүүлнэ. Өргөдөл хүлээн авах хугацаа зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бий болгоход чиглэсэн чухал боломж юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.