УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан Төмөр замын чуулга, Цагаан лавай чуулга хамтран Монголын нууц товчооноос сэдэвлэсэн “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг тайзнаа тавьж, төв болон хойд хэсгийн төмөр замчдад толилуулсан билээ. Тэгвэл МУСГЗ зохиолч Л.Сэнгээ энэхүү жүжгийн цомнолоо ном болгон хэвлүүлж, нээлтийг нь энэ сарын 4-нд хийлээ. Уг номдоо жүжгийн зохиолоос гадна хувцас, тайз, уран бүтээлчдийн товч танилцуулга, өнгөрсөн жил зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтдийн судалгаа шинжилгээний өгүүллүүд гээд олон сонирхолтой агуулгыг багтаажээ. Номын баяртайгаа хамтатган “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийнхээ намар цагийн тоглолтыг давхар нээж буйгаа Төмөр замын чуулгын дарга Л.Биндэръяа танилцуулав. Нээлтэд нийслэлийн ЕБС-уудын төлөөллүүд урилгаар оролцож, тэд цаашид хүүхдүүддээ уг жүжгийг үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, уран бүтээлээр дамжуулан хойч үедээ үндэсний үзлийг төлөвшүүлэх, Монголын нууц товчоог таниулах, түүхээрээ бахархуулах, соён гэгээрүүлэх нь зүйтэй юм гэдгийг онцолж байлаа.
