Саяхан төмөр замчны гэр бүлийн охин Т.Эгшиглэн АНЭУ-ын Абу-Даби хотноо болсон Их дуулгын “Гранд Слам”-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн X ангийн сурагч аж. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Юуны түрүүнд тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ товчхон танилцуулаач?
-Баярлалаа, намайг Тамирын Эгшиглэн гэдэг, 15 настай. Аав, ээж, хоёр эгч, дүүгийн хамт амьдардаг. Аав Г.Тамир маань Улаанбаатар Татах хэсэгт машинчаар ажилладаг. Ээж Г.Мөнхтуяа ч бас Удирдах газрын Замын даргын ажлын албанд ажиллаж байгаа. Аав ээж хоёр маань төмөр замд 20-иод жил ажиллаж байна. Өвөөг маань З.Гүенбаатар гэхээр төмөр замчид андахгүй. Өвөөгөөрөө би их бахархдаг.
-Спортын олон амжилт гаргасан юм байна. Энэ талаараа сонирхуулбал?
-Би өнгөрсөн оны гуравдугаар сараас Жюү жицүгээр хичээллэж эхэлсэн. Тэгээд энэ оны тавдугаар сарын сүүлчээр Арабын Абу-Даби хотноо болсон Их дуулгын “Гранд Слам”-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Энэ нь, дэлхийн аваргын өмнөх тэмцээн л дээ. Долдугаар сарын 13-14-нд болсон жюү жицүгийн “Улаанбаатар тур” тэмцээний -63 кг-д тэргүүн байр эзэлсэн. Мөн 16-нд нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс -63 кг-д алтан медаль хүртлээ. Би жүдогоор хичээллээд бас удаагүй байгаа. Хамгийн сүүлд жүдогийн хотын аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлсэн. Спортоос гадна би урлаг, уран зурагт их сонирхолтой. Энэ чиглэлээрээ Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд хамрагддаг.
-Спортын бэлтгэлээ хаана хийдэг вэ?
-Сонгинохайрхан дүүрэг дэх “Thunder bjj academy”-д бэлтгэлээ хийдэг. Өглөө бүр хоёр км гүйж, өдөр нь клубээрээ Хулан, Жанлав, Мөнхгэрэл багш нарын удирдлага дор бэлтгэлээ хийдэг. Долоо хоногт таван өдөр хичээллэдэг. Би жюү жицүгийн дэлхийн аварга болох мөрөөдөлтэй. Спортоо орхилгүй, аль болох удаан хичээллэж, улам их амжилт гаргана. Мөн ирээдүйд Хууль сахиулахын их сургуульд сурч эрх зүйч мэргэжилтэй болно гэж бодож байгаа.
-Гадагшаа тэмцээнд явахад аав, ээжийнх нь ажлаас тусалж дэмжлэг үү?
-Саяхан Абу-Дабид болсон тэмцээнд явахад УБТЗ-аас ирж, очих онгоцны зардлыг маань бүрэн даасан. Маш их баярлаж буйгаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Мөн үргэлж дэмжиж, тусалдаг аав, ээж, өвөө, эмээ, багш нартаа маш их баярладаг. Миний харж буйгаар манай үеийн үнэхээр мундаг чадварлаг тамирчид олон байдаг ч олон улсын тэмцээнд явахад зардалгүйгээсээ болоод спортод бууж өгдөг. Тийм ч болохоор би Монгол Улсаа өсвөрийнхөө тамирчдыг дэмждэг болоосой гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа, ирээдүйд дэлхийн аварга болоорой гэж хүсье!
О.Бадамсүрэн