“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Тээврийн хяналтын албаны хамт олон тус албанаас УБТЗ-ын нэгэн цаг үеийн түүхийг бичилцсэн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Энэ сарын 6-нд Удирдах газрын хурлын танхимд зохион байгуулсан тус үйл ажиллагаанд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэн, Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт тэргүүтэй удирдлагууд болон Ч.Цогтбаяр, Н.Адъяа нарын ахмад төмөр замчид оролцсон юм.
Энэ үеэр Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт “Манай хамт олны хувьд ахмад төмөр замчид та бүхнийхээ хэрэгжүүлж байсан бодлого шийдвэрийг өнөөгийн цаг үетэй нийцүүлэн үргэлжлүүлж яваагаа энд онцлон тэмдэглэхэд таатай байна” гээд Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дагалдах дүрэм, журмуудыг шинэчлэн боловсруулах ажлыг танилцуулав. Мөн тээврийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зөрчлийг судлан шинжлэх хэлэлцүүлэг өрнүүлэн ахмад ажилтнууд, туршлагатай байцаагч нарынхаа санал, шүүмжүүдийг нээлттэй сонссон юм. Дунд болон залуу үеийнхээ ажлын амжилт бүтээлийг сонссон арвин туршлагатай байцаагч нар төмөр замын тээврийн хяналтын амин сүнс болсон дүрэм, журмуудын шинэчлэлд өндөр ач холбогдол өгч, ажилтнаа бодсон, аюулгүй байдлыг хангасан, ажлыг зөв, цэгцтэй зохион байгуулахад чиглэсэн, дүрэм журмуудыг боловсруулахад гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг зөвлөлөө. Түүнчлэн, төмөр замын салбарын ажлын хоорондын уялдаа холбоог хангасан, мэргэжил бүрийн нарийн онцлогт тохируулан, ажил гүйцэтгэгч бүрийн үүрэг хариуцлагыг товч тодорхой зааж өгөхөд чиглэсэн үнэтэй чухал зөвлөгөө, саналуудыг ч тэд хэлж байлаа.
Уулзалтын үеэр Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт “Төмөр замчдын хувьд нэн тэргүүний шаардлага нь тээврийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэг учраас тус албаныхан урт хугацааны бодлого боловсруулж, тээврийн аюулгүй байдлын эерэг соёлыг бий болгохоор зорьж байна” гэдгээ онцоллоо. Үүний тулд тус албаныхан хөрш зэргэлдээ орнуудын тээврийн аюулгүй байдлын бодлогын баримт бичиг, холбогдох дүрэм журам, туршлагыг ч судалж байгаа аж. Дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахад орчин цагийн шийдлийг далайцтайгаар нэвтрүүлэх, тэр дундаас гар утасны аппликейшн тэргүүтэй цахим шийдлүүдийг байнгын хэрэглээ болгоход анхааран ажиллаж буйгаа ахмадууддаа танилцууллаа. Тэрчлэн эрсдлийг нуун дарагдуулах бус ил тод, цаг алдалгүй мэдээлэх соёлыг түгээхэд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгээ ч ахмададууддаа танилцууллаа.
Уг уулзалтын үеэр Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга асан Ч.Цогтбаяр:
-УБТЗ маань удирдлагын хэмжээндээ эрс шинэчлэгджээ. Төмөр замын шатлалын системээр бүх шатанд ажиллаж, туршлагажсан залуус өнөөдөр салбараа удирдаж явааг харах бахархалтай байна. Нэгэн цагт бид ч мөн адил ахмадуудынхаа ажлыг хүлээн авч, үйл хэргийг нь үргэлжлүүлэх хүндтэй үүрэг хүлээж байлаа. Миний бие үе үеийн ахмадуудтайгаа ингээд мөр зэрэгцэн сууж, өнөө цагийн залуустаа туулж өнгөрүүлсэн туршлага, дурсамж, сургамжаа хүүрнэж суугаадаа баяртай байна. Энд хүрэлцэн ирсэн ахмадууд дунд намайг дөнгөж ажлын гараагаа эхлүүлж байхад гавьяаны амралтаа авсан хүмүүс ч байна. Саяхан болсон Ахмадын их хурлаар олон чухал асуудлыг ярьсан. Тус хуралд манай төмөр замчин ахмадууд оролцож, ахмадуудын тухай хуулийн шинэчлэлтэд өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Цаашид ч бас ахмадууд маань залуустайгаа нягт уялдаатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Уулзалтын төгсгөлд, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй удирдлагууд урилгаар хүрэлцэн ирсэн ахмадууддаа “2Загал”-ын сувинерийг дурсгал болгон хадгалууллаа. Ингэхдээ дурсгалын сувинер бүрт тухайн хүний хэрэглэж байсан тамганых нь дугаар болох “001”, “005” зэрэг серийг шингээж өгсөн байв. Үүнд ахмадууд ихэд талархаж “Биднийг төмөр замын тээврийн татах хүч, зүтгүүр нь байсаар ирсэн. Тэтгэвэрт суусан ч залуустаа туслахад бэлэн онцгой үүрэгтэй хүмүүс юм шүү гэдгийг сануулсан залуу, дунд үеийнхэндээ баярлалаа. Бид өөрсдийгөө цэргийн бэлтгэл албан тушаалтнууд мэт санаж, залуус та бүхэндээ, төмөр замын салбартаа өөрийн чаддаг мэддэгээ зориулахад ямагт бэлэн байх болно” хэмээсэн юм.