Нүүр ЗТХЯам Тээврийн салбарт ОХУ-тай хамтран ажиллана
ЗТХЯам

Тээврийн салбарт ОХУ-тай хамтран ажиллана

G.Press 8 сарын өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан  Бээжин хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин, орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев нартай уулзжээ.

Зам, тээврийн сайд Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай шинэчилсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг ОХУ-ын Төмөр замын агентлаг болох “Росжелдор”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хоёр улсын төмөр замын асуудал эрхэлсэн агентлагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Монгол Оросын хувь нийлүүлсэн төмөр зам болох “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар санал бодлоо илэрхийллээ.

Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т багтсан төмөр замын “Төв” коридорыг шинэчлэх хамтарсан ТЭЗҮ-ийг нэгтгэх, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр баригдаж буй шинэ төмөр замын дэд бүтэц  болох “Багахангай-Хөшигийн хөндий”чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилтийн талаар ч мэдээлэл өгч байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын манай улсад үзүүлэх нийгмийн ач холбогдол, Улаанбаатар хотод тулгамдаад буй олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй төсөл болохыг тайлбарлаж танилцууллаа.

Мөн энэхүү төслийг богино хугацаанд хэрэгжүүлж дуусгахад тус төмөр замын дэд бүтцийг  Монгол Оросын хувь нийлүүлсэн төмөр замын дэд бүтэцтэй Улаанбаатар хотын хойд талд холбоход хувь нийлүүсэн нийгэмлэгийн Орос талын төлөөлөл болох Оросын талын дэмжлэг чухал байгааг онцолж энэ асуудлыг шуурхай шийдэхэд ОХУ-ын Тээврийн сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.

Мөн Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон Монгол Улсын нутгаар дайрах шинэ төмөр замын Зүүн коридорын төслийн талаар хөндөж энэ төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын талтай ойр хамтран ажиллах, Эрээнцав-Чойбалсан хэсгийн одоо байгаа төмөр замын дэд бүтцийг засаж шинэчлэх, БНХАУ-ын талтай хамтарсан гурван талт уулзалтыг хийж, энэ төслийн талаар хамтран ажиллахыг  санал болгожээ.

Оросын тал Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс хөндөж ярьсан асуудлууд, ялангуяа Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын нийгмийн ач холбогдлын талаар сайн ойлгож байгааг хэлээд, ОХУ-ын Тээврийн яамны харьяа холбогдох мэргэжлийн байгуулагуудад яаралтай судалж танилцуулахыг үүрэг болгохоо хэлэв.

 

Түүнчлэн Монгол Улсын зүүн бүсийн төмөр замын төслийг Оросын тал анхаарч сонирхож байгаа бөгөөд Хятадын талтай зөвлөлдөж байр сууриа нэгтгэхийг дэмжив.

Сайд А.С.Никитин сүүлийн үед Оросын тээврийн салбарт нэвтэрч буй шинэ техник технологи ялангуяа төмөр зам болон авто замд нэвтэрч байгаа “жолоочгүй” шийдлүүд хэрэгжиж эхэлсэн, нисгэгчгүй нисэх аппарат-дроныг ОХУ-ын хөдөө аж ахуй болон шуудангийн салбарт ажилттай ашиглаж холбогдох эрх зүйн асуудлыг шийдэж байгаа талаар танилцуулж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг ОХУ-д албан есоор айлчлахыг урив.

Талууд хөндөгдсөн асуудлуудын талаар цаашид хийх ажлыг тодорхойлох зорилгоор тус тусын холбогдох газар, агентлагуудын төлөөлөл орсон хамтарсан ажлын хэсгийг байгуулж хамтран ажиллахаар тохиролцов.

 

ЗТХЯ  

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.