“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Өмнөговь Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн Нүүрс Ачих Логистик Төв төслийн зарим барилга, байгууламж, шугам сүлжээний нөхцөл байдлыг стандарт, норм, дүрмийн хяналт шалгалтын ажилд улсын комисс ажиллалаа.

Уг ачилтын байгууламж нь галт тэргийг хөдөлгөөн дунд нь ачих, жинлэх, барьцалдуулагч шингэн цацах зэрэг ажилбаруудыг гүйцэтгэх бүрэн автоматжуулсан байгууламж бөгөөд жилд 20 сая тонн хүртэлх ачаа ачих хүчин чадалтай, Монголд анх удаа баригдаж буй томоохон байгууламж юм.

Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан Улсын комисс, мөн Өмнөговь аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд 2023 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр ажиллалаа. Ажлын хэсэгт “Харилцаа, барилга, хот байгуулалтын газар”, “Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК, Зураг, төсөл зохиогч байгууллага болон аймаг, сумдын холбогдох төлөөллүүд оролцлоо.

Улсын комиссын ажлын хэсэг “Нүүрс барьцалдуулах системийн барилга байгууламж”, “Нэгдсэн удирдлагын төвийн барилга”, “Уурын зуухны барилга”, “Агуулахын барилга”, “Засварын төвийн барилга байгууламж”, “Гадна инженерийн шугам сүлжээ”-ний барилга байгууламжуудыг холбогдох хууль тогтоомж, норм, норматив, дүрэмд заасны дагуу хянан үзэн байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.