"Тавантолгой" ХК нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу уурхайгаас олборлосон нүүрсээ худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах замаар нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр анх удаа зохион байгуулжээ. Ингэхдээ 100.000 тонн нүүрсийг тонн тутмыг нь 173.3 ам.доллароор борлуулсан байна. Өмнөх жилүүдэд тус компани уурхайн ам нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 100 хүртэлх ам.доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр тонн тутмыг 173.3 ам.долларт хүргэсэн нь одоогийн дээд үнэ болж байна. Тодруулбал, тонн тутмын үнэ 73.3 ам.доллар буюу 73 хувиар өссөн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Засгийн газраас орон нутгийн өмчийн оролцоот "Тавантолгой" ХК-д санхүүгийн зөрчил гарсантай холбогдуулан үйл ажиллагаанд нь хяналт тавихаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон билээ.