“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТХГ-ын Бизнес Хөгжил, Маркетингийн Хэлтсээс аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар төмөр зам Политехник коллежид нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт тус компанийн мэргэжилтнүүд оролцож, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой танилцуулга мэдээллийг оюутнуудад өгч, тэдний асуултад хариулж, санал бодлыг нь сонслоо. Тодруулбал, ХНСХ-ийн Ахлах ажилтан С.Бямбажаргал компанийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаар, БХМХ-ийн мэргэжилтэн Н.Анхбаяр Тавантолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талаар, ВААХ-ийн ахлах инженер Б.Мягмарсүрэн Вагон депогийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өглөө. Мөн ЗААХ-ийн ахлах инженер Н.Золжаргал компанийн шинээр нэвтрүүлж буй техник технологи, ДХЭХХ-ийн дарга Д.Батнасан ТТ-ГС төмөр замд ашиглагдаж буй дохиолол холбоо болон хажуугийн илрүүлэх системийн талаар танилцууллаа.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, тус компанийн АНУ-ын “Progress Rail A Catterpillar” компаниас захиалж ирүүлсэн SD70ACe/LW загварын зүтгүүр нь Монгол Улсад шинээр нэвтэрч буй , хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.
Монгол Улсад төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаар бэлтгэгдсэн боловсон хүчин төгсөж гарах нь ажлын байранд давуу тал болдог. Тэр утгаараа тус компанид ямар ур чадвартай хүний нөөц шаардлага хангадаг, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үе шатууд, нээлттэй ажлын байрны талаарх илтгэлүүд нь цаг үеэ олсон мэдээлэл болж, чухал арга хэмжээ болсон талаар оюутнууд арга хэмжээний үеэр онцолж байлаа.
Өдөрлөгт 100 гаруй оюутан оролцож “Тавантолгой төмөр зам” ХХК-д хэрхэн дадлага хийх, ажлын байртай болоход ямар мэргэжлийн ур чадвар, шаардлага хангасан байх талаар асуулт асууж, хариулт авлаа.