“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дэлхийд зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын эхний ээлжийн 6 зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүлж, хөдлөх бүрэлдэхүүний засварын төвүүдийг өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ний өдөр ашиглалтад оруулж нээлт хийлээ.
2020 онд эхлүүлж байсан цогцолбор төслийн 6 багц ажлын хүрээнд 5 дугаар багц буюу Хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх ажил амжилттай хэрэгжин АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэх болсноос ийнхүү 6 зүтгүүрийг хүлээн авч, өнөөдөр тээвэрлэлтэд нэвтрүүлж эхлээд байна.
Мөн Цогтцэций суманд байрлах Тавантолгой өртөөнд “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан Зүтгүүрийн засварын төв болон ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон Вагон засварын депог бүрэн ашиглалтад орууллаа.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Аудитын газрын дарга Х.Мөнхжаргал, “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хөдлөх бүрэлдэхүүний засварын депог албан ёсоор нээлээ.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт: “Тавантолгой төмөр зам” компани нь төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засварын чиглэлээ өргөжүүлэн хөгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаагаас гадна Монгол орны говийн байгаль цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай орчин үеийн инновацын техник технологийг бүрэн шингээсэн 4500 морины хүчин чадалтай 2 тактикийн дизель хөдөлгүүртэй олон улсын хүрээлэн буй орчны стандартын шаардлага хангасан илчит тэрэгний 3 дугаар үe буюу ч АНУ-д үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн зүтгүүрийн ашиглах гэж байна аа.
Ийнхүү тус компани бүрэн хүчин чадлаараа ажилласнаар төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ 30 сая тонн болж авто тээврээр тээвэрлэж байгаа ачаа тээврийн зардал 3-4 дахин буурах юм. Энэхүү төсөлд нөр их хүчин чармайлт гарган ажилласан Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг дарга, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, аймгийн иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ том бүтээн байгуулалтын ажил энэ олон хүний нөр их хүч хөдөлмөр юм шүү. Ган зам зурайж, галт тэрэг хурдалж байг. Монголын төмөр замчдын яруу алдар мөнхөд бадраг” хэмээн арга хэмжээг нээж үг хэллээ.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр: “Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн хүрээнд сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон Вагон засварын депо, Зүтгүүрийн депог ашиглалтад оруулж эхний ээлжийн шинэ зүтгүүрүүдээ тээвэрлэлтэд нэвтрүүлсэн баярт өдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд бид бүхэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэхүү том төслийг бүрэн ашиглалтад оруулсан бөгөөд эхний зүтгүүрүүдээ ийнхүү хүлээж аваад байна. Шинэ зүтгүүрүүдийг ашиглалтад нэвтрүүлснээр манай байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, төмөр замын тээвэрлэлтийг илүү эрчимтэй, илүү хурдтай явуулахад маш их үр нөлөөтэй юм. Монгол машинчид болон засварчид Монголдоо АНУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй шинэ зүтгүүрүүдийг ашиглах мөн засварлах нөхцөл бололцоогоор ийнхүү хангагдаж байгаа нь бид бүхний хувьд түүхэн тэмдэглэлт чухал үйл явдал болж байгаа юм” гэдгийг онцлон дурдлаа.